Image description
Спорт улстөрөөс ангид орших ёстой гэсэн хэллэг түүх болжээ. Дэлхийн цомын төлөөх Биатлоны тэмцээний 8-р шат уг нь Белорусс улсад зохион байгуулагдах ёстой байсан ч Олон улсын биатлонистуудын холбоо (IBU) цуцаллаа. “Белоруссын улстөрийн нөхцөл байдал тайван бус, хэцүү байна. Бид төлөвлөсөн тэмцээнийг бат, найдвартай оронд явуулах ёстой” гэж тус холбоо өөрийн мэдэгдэлдээ дурджээ. Одоо энэ тэмцээний 8-р шатыг Финляндын Контиолахт зохион байгуулна. Харин Финляндад болох байсан эхний шатыг Шведийн Эстерсун хот руу шилжүүллээ, ийнхүү тэнд эхний 2 шат дараалан явагдах юм байна. Энэ талаар Олимпийн наадмын 2 удаагийн аварга Дмитрий Васильев “Улстөрийн ашиг сонирхлын төлөө спортын ертөнцийг устгаж байна. 10 жилийн дараа Олимпийн хөдөлгөөн гэж юу байдгийг бүгд мартах байх. “IBU”-н энэ шийдвэр хүмүүсийг улам салган холдуулж байна, уг нь нэгтгэх ёстой биз дээ?. Дээр үед Олимпийн наадмын үеэр дайн дажнаа хүртэл зогсоодог байлаа. Энэ хэвээр үргэлжилбэл цаашид зөвхөн Өрнөдийг дэмжигчдийн дунд медалиа хуваарилдаг болох шинжтэй” гэж мэдэгдлээ.
Өмнө нь Белорусст явагдах бас нэг том тэмцээнийг цуцалсан билээ. Олон улсын хоккейн холбоо (IIHF) мөн л 2021 оны ДАШТ-ийг цуцалж Минскийн оронд Латви улсын Рига хотод явуулах шийдвэр гаргасан. “IIHF” тухайн үед гол ивээн тэтгэгчдэд, тухайлбал “Skoda” автоконцернд дарамт үзүүлсэн гэдэг. Белорусс хариуд нь тус концерны машиныг өөрийн нутаг дээр зарахыг, мөн энэ маркийн машиныг Оросоос оруулж ирэхийг хориглосон юм.