Орос улсын “Вагнер” цэргийн, хувийн компаний тэргүүн Евгений Пригожины онгоцыг 8 сарын 23-ны орой дэлбэлжээ. Түүний суусан “Embraer Legacy 600” хувийн онгоц Москвагаас Санкт-Петербург руу нисч явсан ба Тверь мужийн Куженкино суурины ойролцоо сүйрчээ. Пригожины онгоц сүйрсэн мэдээ 19 цаг 20 минутад (Москвагийн цагаар) ирсэн, гэхдээ осол 18 цаг 40 минутын орчим болсон гэж таамаглаж байна. Онгоц унахын өмнө 2 удаа хүчтэй дэлбэрэлт сонсогдсон гэж гэрчүүд ярьжээ. “18:20 цагт Пригожины онгоц радараас алга болсон. 18:32 цагт онгоц тэнгэрт дэлбэрсэн. 2 дэлбэрэлт болсон. Онгоцны далавч ба стабилизатор нь Куженкино станц дээр унасан, харин Куженкино суурин дээр фюзеляж, далавч ойчсон. Хүмүүс бэртэж гэмтээгүй, айлын гэр байшин дээр юу ч унаагүй” хэмээн зарим ХМХ дамжууллаа.
ОХУ-ын Онц байдлын албаны мэдээгээр тус онгоцонд 10 хүн байсан, 3 нь нисэх багийн гишүүд 7 нь зорчигч. Бүгд амь эрсэджээ. Талийгаачдын жагсаалтыг тус байгууллага нийтэлсэн: “Вагнер”-н эзэн Евгений Пригожин, “Вагнер”-н командир Дмитрий Уткин, Сергей Пропустин, Евгений Макарян, Александр Тотмин, Валерий Чекалов, Николай Матюсеев. Мөн нисэх багийн командир Алексей Левшин, 2-р нисгэгч Рустам Каримов, онгоцны үйлчлэгч Кристина Распопова.
Пригожины хувийн онгоцны сүйрлийн талаар олон хувилбар яригдаж байна. Үүнд: Техникийн саатал эвдрэл, нисгэгчийн алдаа, гадны нөлөө.... Пригожин уг нь "RA-02878" дугаартай өөр онгоцоор голдуу нисдэг байжээ. ОХУ-ын Мөрдөн байцаах газар эрүүгийн хэрэг нээж шалгаж эхлэв.
"Вагнер"-н Пригожин өөрийн цэргийн компанитайгаа Москва орох гэсэн оролдлогоос хойш яг 2 сар өнгөрчээ. Хамгийн сүүлд тэрбээр Африкт цэргүүдтэйгээ очсоноо сүлжээгээр цацаж байв. Африкт хоёр талцаад удсан зөрчлийг дуусгах, тэндээс америкчуудыг хөөж гаргахаар Пригожин очлоо гэж дэлхийгээр шуугисан... “Царьград” телевиз энэ ослын талаар мэдээлэхдээ "Пригожины онгоцыг Украины Батлан хамгаалах яамын Тагнуулын төв газар дэлбэлсэн" гэжээ. Тэгээд ч оросууд маш үнэ цэнэтэй кадраа өөрсдөө ингэж устгахгүй, тиймээс Украин, Өрнөд л Пригожиныг дэлбэллээ гэсэн мэдээлэл зарим ХМХ-ээр цацагдаж байна.
#МЦогзолмаа орчуулав.