Image description
Японы эмч нарын холбооны тэргүүн Наото Уэяма “Дэлхийн өнцөг булан бүрээс 200 орны тамирчин Олимпид оролцохоор манай улсад хүрэлцэн ирнэ. Токиод Олимпийн наадам зохион байгуулах нь Цар тахлын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх аюултай. Яагаад гэвэл, коронавирүсийн мутацид орсон янз бүрийн штамм олон газарт бий, энэ бүх хувилбар бүгд энд Токио хотод бөөгнөрч хуримтлагдана. Ингээд Олимпийн наадмын дараа коронавирүсийн шинэ, Олимпийн гэсэн тодотголтой штамм үүсэх магадлалтай” гэж мэдэгдлээ. Хэрэв үнэхээр ийм штамм үүсвэл асар том эмгэнэл, ирэх 100 жилийн турш шүүмжлэлийн бай болно гэж япончууд эмээж байгаа аж. “Токио бүр Хөл хориогоо цуцлаагүй тохиолдолд ч Олимпийн наадам зохион байгуулагдана гэж Олон улсын Олимпийн хороо мэдэгдсэн нь Японы ард иргэдийн дургүйцлийг төрүүлсэн, ялангуяа эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрс эсэргүүцэж байгаа” гэж Уэяма ярилаа. Өмнө нь Шинэ Зеландын Засгийн газрын зөвлөх, Отаго их сургуулийн цар тахлын профессор Майкл Бейкер “Олимп явуулах хэрэггүй. Үүний үнэ бол олон олон хүний амь нас байх болно, яагаад гэвэл ийм өргөн цар хүрээтэй наадам хийх нь нь коронавирүсийг дарах арга хэмжээтэй эрс зөрчилдөж байна” гэж хэлсэн билээ. 
“Токио 2020” зуны Олимпийн наадам Цар тахлаас болж бүтэн жилээр хойшилж, 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8 хүртэл Токио хотод явагдахаар болсон билээ. Нэмж өгүүлэхэд, Японы хүн амын дунд санал асуулга явуулахад 60-80% нь “Олимпийг дахин хойшлуул”, “Токио 2020 наадмыг бүр цуцалбал таарна” гэж хариулжээ.