Умард Солонгос атомын шинэ шумбагчаа дэлхий нийтэд танилцууллаа. “Умард Солонгос улс байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан тактикийн цөмийн зэвсэг бүхий “Ким Гүн Ок Баатар” нэртэй № 841 шумбагч хөлгийг усанд тавих ёслолд жолоодогч Ким Чен Ун биечлэн оролцов. Энэ ёслол нь манай Тэнгисийн Цэргийн хүчин улам бэхжиж буйг тунхаглалаа” хэмээн тус орны Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлэв. III Ким энэ үеэр “Цөмийн зэвсэг бол үндэсний Тэнгисийн цэргийн хүчний техник хангамжийн гол бүрэлдэхүүн хэсэг. Бид өөрийн шумбагч хөлгүүд, байлдааны усан онгоцуудын орчин үеийн боломжийг цаашид ч дэлгэн харуулах ба манай флотын цөмийн зэвсэглэлийг бүрдүүлэх явцыг улам хурдасгах болно... Бүх хүнд шумбагчаа сайжруулан тэдгээрийг энэ шинэ субмарин шиг тактикийн цөмийн зэвсгээр тоноглохоор төлөвлөсөн... Чухам энэ “Ким Гүн Ок" №841 бол тактикийн цөмийн довтолгоо хийхэд тохирсон стандарт юм. Геополитикийн нөхцөл байдлыг тооцон үзвэл манай үндэсний батлан хамгаалах салбарын тэргүүн зэргийн зорилт бол Тэнгисийн цэргийн флотоо аль болох хурдан хөгжүүлэх" гэж мэдэгдлээ.
№ 841 субмарин бол тактикийн цөмийн зэвсгээр тоноглосон Умардын анхны шумбагч хөлөг юм. Умардчууд одоо шинэ шумбагчаа далайд туршихаар бэлдэж байна.
Нэмж өгүүлэхэд, АНУ, Өмнөд Солонгосын армиуд хамтарч сургуулилт хийх үеэр буюу 9 сарын 3-нд Умард Солонгос тактикийн цохилт өгч буй мэт пуужин харваж сургуулилжээ. Умардын стратегийн далавчит пуужингууд Чхоняхон голын эхэн хавьцаа 150м өндөрт дэлбэрсэн юм.