Image description

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдаж аваргуудаа тодруулав.Манай улсаас эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -60кг жинд ОУХМ Л.Өнөболд нар барилдсан. Эмэгтэйчүүдийн -48кг жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Түмэн шувуут” компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогт 2021 Ташкентийн гранд сламын хүрэл медальт Сербийн Милица Николичтэй учраа таарч торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа. Эрэгтэйчүүдийн -60кг жинд анх удаагаа дэлхийн аваргад зодоглож буй залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин ОУХМ Лхагважамцын Өнөболд эхний тойрогт 2018 оны Европын залуучуудын аварга Украйны Дилшот Халматовийг цэвэр, АНУ-ын Адонис Диазийг, Эквадорийн Ленин Пресиадо нарыг тус тус цэвэр ялж шөвгийн 4ийн төлөөх барилдаанд 2019 оны Абу Дабигийн гранд сламын алт, 2021 оны Тель Авивын гранд сламын хүрэл медальт Казахстаны Гусман Кыргызбаевт цэвэр ялагдснаар дагаж барилдахаар болсон юм. Дагах барилдаанд Азарбейжаны Карамат Хусейнов вазари үнэлгээгээр ялагдснаар шагналт 7 дугаар байрт шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөөд 2 дугаар тойрогт БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр яллаа. Улмаар олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Галбадрахын Отгонцэцэгтэй барилдан нэмэлт цагт торгуулиар ялж, шөвгийн 4-н төлөөх барилдаанд 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Вакана Когад цэвэр ялагдаж хүрэл медаль хүртлээ.