Image description
Орос орны Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко жирэмсэн эхчүүдэд “Спутник V” вакцин хийх боломжийн тухай мэдэгдэл хийснийг "РИА Новости" агентлаг дамжууллаа. “Ковидын эсрэг вакцин хийлгэсэн өвчтөнүүдэд судалгаа хийх явцад жирэмсэн гэдгээ мэдэхгүй тариулсан эмэгтэйчүүд байсан. “Спутник V” вакциныг хийлгэсэн жирэмсэн эхчүүдийн үр хөврөлд хордлого өгсөн эсэх талаар судалгаа явуулж байгаа. Мэргэжилтнүүд хуримтлагдсан мэдээллийн санд дүн шинжилгээ хийж байна, дүгнэлт 2 долоо хоногийн дараа гарна гэж бид найдаж буй. Ямартай ч “Спутник V” вакцин жирэмсэн эхчүүдэд аюулгүй гэдэг нь тогтоогдсон. Иймээс одоо энэ вакцины зааварчилгаанд жирэмсэн эхчүүдэд зориулан өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа” гэж сайд Михаил Мурашко тайлбарлав. Түүнчлэн Гамалеин нэрэмжит Оросын Тахал, микробиологийн эрдэм шинжилгээний төв энэ талаар мэдээлэл хийхдээ “Спутник V тариулсан жирэмсэн эхчүүдэд ямар нэг ноцтой сөрөг нөлөө илрээгүй” гэж онцолжээ. Дашрамд дурдахад, Оросын "Спутник V" вакциныг өчигдөр Бразил улс бүртгэж авснаар манай гарагийн 67 оронд хүлээн зөвшөөрөгдлөө. Эдгээр 67 орны хүн ам нийлээд 3,5 тэрбум. 
Нэмж өгүүлэхэд, коронавирүсийн эсрэг 4 вакцин бүтээсэн Орос улс энэ давуу байдлаа өөрт ашигтайгаар эргүүлэхээр шийдэн вакцины жуулчлал зарлалаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ “Гадаадынханд зориулсан төлбөртэй вакцинжуулалтын төслийг боловсруулахыг Засгийн газарт даалгасан” гэжээ. Дараа нь тус орны Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев “Бид 2021 оны 7-р сараас “Вакцины жуулчлал”-ыг эхлүүлнэ" гэж мэдэгдсэн билээ. Түүнчлэн Оросын Аялал жуулчлалын газрын тэргүүн Зарина Догузова “Ростуризм ба бусад оператор одоо гадаадынханд зориулсан ийм жуулчлалыг богино хугацаанд зохион байгуулахад бэлэн байгаа” гэжээ. Харин энэ орны Аялал жуулчлалын операторуудын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Майя Ломидзе “Спутник V вакциныг тариулахаар Орост гадаадын маш олон жуулчин ирэх төлөвтэй. Бид яг нарийн тоо хэлж чадахгүй, гэхдээ олон орноос хэд хэдэн мянган хүн ирэхээ мэдэгдсэн. Бараг сая жуулчин ирэх байх” хэмээжээ.