Image description
УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн ивээл дор болдог Номын баярын нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр "УИХ-аас Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байна. Мөн жил бүрийн 5 дугаар сарын 9- ны өдрийг албан ёсоор “Үндэсний ном, бичиг, соёлын өдөр” болгож, хуульчлахаар болсон. Ном соёлыг түгээн дэлгэрүүлэх, уншигч ард түмэн болохын тулд орчин үеийн техник, технологийг ашиглан цахим ном, цахим номын сан, сонсдог ном, аудио ном, тоон номыг монгол номын соёлын хүрээнд нэвтрүүлэх нь чухал байна.
УИХ-ын даргын хувьд Монгол Улсын хэмжээнд буй бүх номын сангуудыг цахимжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна.
Монгол ном, монгол уран зохиол дэлхий даяар түгэн дэлгэрч, монгол хүний оюуныг тэтгэж байх болтугай" гэв.
Ийнхүү Монгол Улс номын хорхойтнууд болон ном бүтээгчдэдээ зориулж Номын баяраа өргөн дэлгэр тэмдэглээд 15 дахь жилдээ иржээ. Цаашид Дэлхийн номын нийслэл болж, улс орон даяараа илүү их уншдаг болохын төлөө номын соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд энэ жил номын баярыг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Номын Ертөнц ТББ-тай хамтран зохион байгуулж байна.“Уншигч ард түмэн хөгждөг, уншдаггүй үндэстэн дэлхийн хөгжлөөс гээгддэг. Тиймээс хүүхэд багачууд, өсвөр үеийнхнээ түүх, соёлоо дээдэлдэг, хүмүүнлэг, зөв тэгш хүмүүжилтэй болгохын тулд сэтгэлийн боловсролтой болгон хүмүүжүүлэхэд ном чухал үүрэгтэй гэдгийг тодруулан хэлсэн юм.