Умард Солонгос улс Үндсэн хуулиндаа залруулга оруулж цөмийн зэвсгийг хөгжүүлэх бодлогыг хуульчилжээ. Тус орны 14 дэх удаагийн Ардын Дээд хурлын гишүүд мягмар, лхагва гарагт цугларч 9-р чуулганаа хийхдээ энэ болон өөр бусад залруулгыг баталсан тухай Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулав. “Бид цөмийн статустай, хариуцлагатай улс.... Манай орны оршин тогтнох эрхийн баталгаа болгож цөмийн хүчийг хурдасгасан хэлбэрээр хөгжүүлэх чиг хандлагыг Үндсэн хуулиндаа баталгаажууллаа. Тусгаар тогтнолоо хамгаалж эх орноо хөгжүүлэх, мөн манай гараг болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөө дайны эсрэг энх тайвныг сахин хамгаалахын тулд ийм залруулга хийсэн” хэмээн Умард Солонгосын Ардын Дээд хурлын тогтоолд дурдсан байна.
Тус чуулганд Умардын удирдагч Ким Чен Ун оролцож үг хэллээ. “Цөмийн хүчээ хөгжүүлж бэхжүүлэх бодлогоо Үндсэн хуулиндаа тусгасан нь түүхэн үйл явдал... улс орны батлан хамгаалах чадварыг улам сайн бэхжүүлэх улстөрийн хүчирхэг хөшүүрэг боллоо.... АНУ өөрийн үйл хөдлөлөөр цөмийн дайны аюулыг урьд хожид байгаагүй дээд хэмжээнд авчирч өрдсөөр байна. Тэр бүү хэл америкчууд 3 талт цэргийн эвслийг Япон, Өмнөд Солонгостой байгуулах ажлаа идэвхжүүлсний дүнд НАТО-гийн “ази хувилбар” бий болов. Энэ бол дайн дажин, түрэмгийллийн эх үүсвэр төдийгүй Пхеньяны хувьд бодит аюул заналхийлэл. Үүнтэй холбоотойгоор бид АНУ ба Өрнөдийн түрэмгий стратегийг эсэргүүцдэг бие даасан орнуудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх ёстой” хэмээн III Ким хэлжээ.
#МЦогзолмаа орчуулав.