АНУ-ын Вашингтон хотод Конгрессийн барилгын гадаа дайныг эсэргүүцсэн жагсаал болж 10 мянга гаруй хүн оролцжээ. “Гаазын зурваст гал зогсоо гэж, палестинчуудыг алж хядаж байгааг зогсоо гэж бид шаардаж байна. Энэ жагсаалын үеэр 500 еврейг баривчиллаа” гэж “Jewish Voice for peace” байгууллага мэдээллээ. Зарим жагсагч Конгрессийн байшин руу нэвтэрсний дараа Капитолийн цагдаа тэднийг баривчилж эсэргүүцэгчдийг гудамжнаас хөөн тараажээ. Хэдэн зуун хүнийг баривчилж гав зүүгээд цагдаагийн автобусанд ачиж буй зураг ХМХ-ээр цацагдаж байна.
“Бүгднайрамдахчууд жагсвал бослого гэдэг, харин Ардчилсан намынхан болохоор нийгмийн шударга ёсны төлөөх эсэргүүцэл учраас 100% зөв үйлдэл гэжээ. АНУ-ын эрх баригчид, хууль тогтоогчдын давхар стандарт үнэхээр ой гутам, жигшмээр” гэж Америкийн экс Ерөнхийлөгч Трампын хүү Бага-Дональд мэдэгдлээ.
Дэлхийн өнцөг буланд бүрд дайны эсрэг жагсаал болж байна:
* НҮБ-ын Хүний эрхийн хорооны хуралдаан дээр АНУ-ын төлөөлөгч үг хэлэх үеэр дэлхийн олон орон буруу харж зогсон эсэргүүцэл илэрхийлжээ.
* Германд уг нь жагсаал цуглаан хийхийг хориглосон. Гэсэн ч Палестиныг дэмжигсдийн жагсаал Германы Берлин хотод 2 дахь шөнөө үргэлжлэв. Цагдаа нар тэднийг усан буу, нулимс асгаруулах хий ашиглан жагсагчдыг тараахыг оролдож байна.
* Грекийн Афинд жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулах хий, гэрэл-дуут гранат ашиглав.
* Туркийн олон хотод Палестиныг дэмжин Израилийн далбааг шатааж байна. Стамбул хотод болсон Израилийн эсрэг жагсаалын үеэр 60 гаруй хүн бэртэж шархдав. Аданд бүр АНУ-ын Элчин яамыг хаажээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Гаазын зурвас дахь эмнэлэгт амиа алдагсдыг дурсгалд зориулан 3 өдрийн гашуудал зарлажээ, 10 сарын 19-21-нд.
* Израиль одоо өөрийн иргэдэд хандаж нэн яаралтай Туркээс гарч явахыг уриалж байна. Израильд мөн хэд хэдэн жагсаал зөвшөөрөлгүй явагдсан. Хайф хотод хүмүүс гудамжинд гарч дайныг эсэргүүцлээ. Тэднийг цагдаа нар хөөн тараажээ.
* Португальд хүмүүс Палестины туг далбаатай гудамжинд гарч "Гаазын зурвасын хүүхдүүдийг аварцгаа" гэсэн шаардлага тавьжээ.
* Английн Лондон хотод дайныг эсэргүүцэгчид бороо орж байгааг ч үл хайхран жагсаалаа үргэлжлүүлсээр л. Хэн ч тарж явсангүй. Мөн Палестиныг дэмжсэн цуглаан Эдинбург, Манчестерт болжээ.
* Гаазын зурваст гал зогсоохыг шаардаж Америкийн идэвхтэн Лесли Анжелин өлсгөлөн зарлажээ.
* Иорданы нийслэлд асар олон мянган хүн Израилийг эсэргүүцэж гудамжинд жагсч байна. Жагсагчид үе үе цагдаа нартай мөргөлдөж эмх замбараагүй байдал үүсгэсэн, үүний зэрэгцээ АНУ-ын Элчин яамыг шатаах оролдлого хэдэн удаа гарсан.
* Йемэний иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсахдаа зурагт хуудсаас гадна автомат буутайгаа ирцгээжээ. Тэд Израиль, Америкийн төрийн далбааг шатаажээ.
* Иранчууд бөөн бөөнөөрөө Палестиныг дэмжин гудамжинд гарч бүжиглэж байна.
* Ливаны нийслэлд АНУ-ын Элчин яамын гадаа ливанчууд жагсч эмх замбараагүй байдал үүсгэв. Тэднийг нулимс асгаруулах, дуу чимээний гранат ашиглаж хөөж тарааж байна.
* Тунис, Франц, Сири, Иран зэрэг олон улсад дайн дажныг эсэргүүцсэн жагсаал цуглаан хэдэн өдрийн турш үргэлжилж байна. Францад түгшүүрийн дээд түвшин зарлажээ.
#МЦогзолмаа орчуулав.
Jewish Voice: Вашингтонд 10 мянган хүн дайныг эсэргүүцэн жагслаа
2023-10-19
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.