Image description
Хятадын Хэнань мужид их бороо орсны улмаас үер бууж 13 хүн амь үрэгдэн 200 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн тухай “South China Morning Post” мэдээлэв. Мужийн төв 12,6 сая хүнтэй Чэнжоу хотын метро усанд автсаны дараа газар доор түгжигдсэн хүмүүсийг аврагчид гаргаж чаджээ. Тухайн үед хотын хөдөлгөөн бүрэн зогсчээ. Хэнань мужийн бусад хотод ч нөхцөл байдал хүнд байгаа аж. 
Хүчтэй борооны улмаас Хэнань мужид учирсан хохирлыг урьдчилсан байдлаар 73 сая юань буюу 11,3 сая доллар гэж үнэлжээ. Ямартай ч 9,2 мянган гектар хөдөө аж ахуйн эдэлбэр газар үерт өртсөн байна. Тус мужийн том жижиг 16 усан сангийн түвшин аюулын хэмжээнээс дээшилсэн ба 7 сарын 21-ний өглөө Гозяцзю усан сангийн далан сэтэрсэн гэж “CCTV” мэдээлэв. Ойрын хэд хоногт бороо энд үргэлжлэн орно гэж "Синьхуа" агентлаг мэдэгдлээ. Хятадын дарга Си Жинь Пин “Хэнань мужийн нөхцөл байдал хүнд байна, их үерийн улмаас асар их хор хохирол учирлаа. Зарим усан сан урсгалыг арай ядан тогтоож байна. Төрийн түшмэд, намын гишүүд хамаг хүчээ ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад зориулах ёстой. Байгалийн гамшгийн эсрэг тэмцэл эрсдэлтэй үе шатандаа ирээд байна” хэмээн мэдэгдэв. Хятадын Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Нийгмийн аюулгүй байдлын яамыг үерийн уршиг дагаврыг арилгахад оролцуулах гэж байгаа тухай Си дарга мэдэгдлээ.