--- “Forbes” сэтгүүлийн нийтлэлээс ---
...Дэлхийн улс орнууд өнөөдөр харилцан тооцоо хийхдээ аль болох америк доллараас зайлсхийхийг оролдох болжээ, үүнд үндэсний валютуудын цахим хувилбар тусалж байна. Дэлхийн валют болох долларт Хятадын бас Оросын зүгээс давхар аюул учирч эхэллээ. Тухайлбал, Хятад ба Орос улсууд цахим юань, цахим рубльд асар их ач холбогдол өгч үүн дээрээ ажиллаж байгаа. Энэ бүхэн америк валютын байр суурийг хүчтэй ганхуулж магадгүй....
Криптовалют дээр суурилсан шинэ шинэ технологиуд дэлхий дээр бий болж байна. Олон орон долларын хамаарлаас гарах гэж хүчин чармайлт гаргаж эхлэв.
Төвбанкуудын цахим валют дээр суурилсан сүлжээ бүрдэж эхэлжээ, үүнийг 2 талын валютын своп улам хүчирхэг болгож байгаа. Ингэснээр Дорны болон Өмнөдийн улс орнуудын Төвбанкууд орон нутгийн банкны системүүдийн хоорондох валютын урсгалыг хангахын тулд валютын дилерүүд болж хувирах бүрэн боломжтой.
Энэ бүхэн долларын оролцоогүй хийгдэж Өрнөдийн банкны системээс гадуур явагдаж байна. Дэлхийн өнцөг булан бүрд Төвбанкууд ийм боломжийг аль хэдийнээс судалж эхэлсэн.
Хятад бүр цахим юань гаргалаа. Олон улсын хориг арга хэмжээний дараа Орос улс ч гэсэн цахим рубль ашиглан хил дамнасан тооцооны системээ боловсруулж эхлэв.
Доллараас татгалзах үзэгдэл дэлхий даяар улам ихэсч байгаа, сүүлийн үед энэ явц улам хурдсав. Улс орнууд долларгүйгээр тооцоо хийх нь улам олширсоор байна. Хэрэв худалдаа наймааны тооцоондоо америк доллар ашиглах нь цаашид ч багассаар байх юм бол олон улсын нөөц валют гэгддэг долларын хэмжээлшгүй давуу тал алдагдаж аюулд орно.
АНУ өөрөө цахим доллар бүтээх боломжийг судалж байгаа, гэвч Холбооны эрх баригчид нь үүнийг онц хэрэгцээгүй бөгөөд ам.долларт аюул учрахгүй гэж үздэг. АНУ-ын Сангийн Дэд сайд Нелли Лян “Бид дэлхийд манлайлж ноёрхож байна, энэ нь манай технологиудаас ямар нэг хамааралгүй. Энэ ноёрхлын эх үүсвэр нь манай удирдлагын систем, манай санхүүгийн зах зээлүүдийг зохицуулдаг дүрэм журам, хуулийг дээдлэх үзэл, манай институциудын аюулгүй байдал ба найдвартай байдал юм” гэж мэдэгдсэн билээ...
Орчуулсан #МЦогзолмаа.