Image description
Цар тахлын дараа дэлхийн эдийн засгийг сэргээхэд зориулж урьд хожид үзэгдээгүй их хэмжээний нөөц активыг нэмж гаргах болсноо Олон улсын валютын сан (ОУВС) мэдэгдлээ. “ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл 2021 оны 8 сарын 2-нд 650 тэрбум долларыг гаргахаар баталлаа. Хөрөнгө мөнгийг 8 сарын 23-наас улс орнуудад хуваарилж эхэлнэ. ОУВС-гийн бүх гишүүний квотын хэр хэмжээнд нь тохируулан тэдэнд зээлийн тусгай эрх олгох юм” хэмээн ОУВС-гийн Хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ. 
Энэхүү 650 тэрбум доллараас 275 тэрбумыг нь хөгжиж буй орнууд ба орлогын түвшин доогуур улсуудад зориулахаар төлөвлөжээ. “Энэ бол түүхэн шийдвэр, ийм их хэмжээний хөрөнгө нэгмөсөн өмнө нь гаргаж байгаагүй... Их хямралын үеэс хойш үзэгдээгүй гүн хямралд нэрвэгдсэн өнөө үед даяаршлын хэрэгцээг хангахад ийм арга хэмжээ авах шаардлагатай байсан юм. Дээр дурдсан хөрөнгө мөнгө манай гишүүн бүх орны хөгжил дэвшил, сайн сайхны төлөө зарцуулагдана гэдэгт би итгэж байна. 8 сарын сүүл гэхэд хөрөнгийг хуваарилж дуусах болно” хэмээн тус сангийн захирал Кристалина Георгиева онцлон тэмдэглэв.