Image description
“Америкийн нийслэл Вашингтон хотын гудамжуудад орон гэргүй хүмүүсийн майхан лагерь улам бүр олширсоор байгаа нь өнөөгийн шоконд оруулам бодит нөхцөл байдал. Тэнд бохир заваан, ямар ч ариун цэвэр, халдваргүйжүүлэлт алга, тэр бүү хэл хар тамхи, зэр зэвсэг хадгалж байна. Орон нутгийн ард иргэд асар олон өргөдөл гомдол гаргасан ч хотын удирдах албаныхан, Холбооны эрх баригчид энэ асуудлыг нүд анин өнгөрөөхийг илүүд үздэг” гэж “Fox News” мэдээллээ. 

Fox News: Манай эрх баригчид хэзээ ч одоогийнх шиг аюулгүй байдалд, илүү сайн хамгаалалтад байгаагүй. Вашингтоны Засгийн газрын дүүргүүд, Колумб тойрог бол “ногоон бүсүүд”, яг Багдадынх шиг. Тэнд ямар ч муу юм тохиолдохгүй, Капитолийн Цагдаагийн хэсгийн өнөөгийн төсөв нь Детройт хот эсвэл Атланта хотын Цагдаагийн газрынхаас ч том. Гэвч хууль тогтоогчдын амьдардаг энэхүү гайхамшгийн орны хүрээний гадна хаа сайгүй орон гэргүй хүмүүсийн майхан хотхон үүссээр байна, Колумб тойрогт болон манай орны бусад томоохон хотод ч ялгаагүй. Тэнд хар тамхи, зэр зэвсэг, өтгөн шингэн бялхаж байна. Тэднийг үл тоомсорлосоор л, “Fox News”-н сурвалжлагч Кевин Корк л анхааралдаа авсан. Сайн уу, Кевин?

Кевин Корк: Үдшийн мэнд. Энэ бол манай нийслэлийн үнэхээр шоконд оруулам бодит байдал. Гэр оронгүй, тэнэмлүүдийн лагерь өмнө нь тусгаарлагдсан хэсэг, хотын хорооллоор хязгаарлагдаж байсансан, гэтэл одоо бүр баян чинээлэг дүүрэгт ч бий болж эхэллээ. Байдал ийм байхад орон нутгийн ба Холбооны эрх баригчид юу ч хийхгүй байна. Шинэ жишээ дурдъя, “Уотергейт” хэмээх нэр хүндтэй цогцолборын сүүдэрт орон гэргүйчүүдийн лагерь үүсчихсэн. Хар тамхи, зэр зэвсэг зарж дэргэдүүрээ хүмүүсийг явуулахгүй өдөж хоргоодог, ялгадас өтгөн шингэндээ живсэн гээд л эгэл иргэд бөөн бөөн гомдол мэдүүлдэг, гэвч түшмэд хуруугаа ч хөдөлгөхгүй байсаар л. Ийм лагерь мөн Бёркс болон Гомперсийн цэцэрлэгт хүрээлэнд, 9-р гудамж ба Массачусетс-авенюгийн хооронд, тэр бүү хэл төвийн Дюпон-Сёрклд бий боллоо. Нийгмийн аюулгүй байдалд заналхийлж байгаа талаар, Америкийн үндэсний парк болон цэцэрлэгт хүрээлэнгүүд устаж болзошгүй тухай сэрэмжлүүлсээр байхад ч хотын цагдаа эдгээр лагерийг буулгахаас татгалзаж байна. Сүүлийн жилд хотод нөхцөл байдал хурцдаж хүчирхийлэл улам ихэссэн, аллагын тоо нэмэгдсээр байна. Үндэсний паркуудад, бүр 14-р гудамжинд буудалцаан болж байна. Гэтэл тэр бол энд Вашингтонд маш алдартай зоогийн газруудын дүүрэг шүү дээ. Энэ нөхцөл байдалд хотын удирдлага амандаа ус балгасан мэт суух нь гайхашрал төрүүлдэг. Урьд өмнө омог бардам явсан энэ хотын зовлон шаналал үргэлжилсээр л. 

Fox News: Олны анхаарлыг үүнд хандуулсан явдалд бид үнэхээр танд талархаж байна.  

Кевин Корк: Зүгээр зүгээр. Хэзээд бэлэн. Энд зөвхөн Вашингтон, Колумб тойргийн тухай яригдаж байгаа юм биш ээ. Манай орны бусад хотод ч ийм асуудал тулгарч байна. Ялангуяа Миннесотод. Тэнд маш тайван байдаг байж билээ. Хэтэрхий сайхан, дэндүү найрсаг муж гэж шоолдог байлаа штэ. Гэтэл одоо бүх зүйл өөрчлөгджээ. Миннеаполис хотоос баруун өмнөд зүгт оршдог жижиг хотхонд гэгээн цагаан өдөр видео камерын өмнө эмэгтэй хүний толгойг тасчин гудамжинд хаясан хэрэг гарлаа. 

“Fox 9”-н сурвалжлагч Мэри Макгвайер: Шэкопи хотхоны цагдаа тэр уулзвар дээр очиж толгойгүй бие машины дэргэд байгааг олсон. Сэжигтнийг баривчилсан тухай эрх баригчид мэдээллээ. Сэжигтэн этгээд тэр алагдсан эмэгтэйтэй удаан хугацааны турш амрагийн холбоотой байсан ба гэртээ байнга хүчирхийлэл үйлдэгч юм байна. 2017 онд сэжигтэн эрийг баривчилж гэрээ шатаахыг оролдсон, гэрийн хүчирхийлэл үйлдсэн гэж ялласан. Гэвч түүнээс 50 мянган долларын барьцаа авч суллажээ.....
Орчуулсан М.Цогзолмаа.