Image description
Францын нийслэл Парис хотод “Пари Сен-Жермен” хөлбөмбөгийн клубын хөгжөөн дэмжигчид шинэ тоглогч, алдарт Леонель Мессийг баяр хөөртэй, галын буудлагатай угтав. Елисейн талбайгаас холгүйхэн тансаг 5 одот буудалд Месси гэр бүлтэйгээ байрласны дараа эхнэр хүүхдүүдтэйгээ тагтан дээрээ гарч хөгжөөн дэмжигчидтэй мэндчилсэн юм. Тэр мягмар гарагт Парист бусад тоглогч болон клубын удирдлагатай уулзаж бичиг баримтад гарын үсгээ зурав. Месси 80 сая долларын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан, энэ нь түүний өмнөх клубт авч байсан цалингаас хавьгүй бага ч дэлхийн бусад клубын санал болгосон мөнгөөс хамгийн их нь. Месси гэрээгээ дахин 1 жил сунгах боломжтой юм байна. Тэр шинэ багт 30 дугаартай тоглоно. Одоо францчууд ийм дугаартай футболкийн төлөө “алалцаж” эхэлжээ. 
Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин шилжин ирсэнд баярласан Парисын оршин суугчид одоо л “УЕФА”-н Аваргуудын Лигт ялалт байгуулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй болжээ. Зарим нь 1000 еврогоор мөрий тавьж байгаа аж. Месси энд алдар цуутай хөлбөмбөгчин Неймар, Мбаппе нартай “хөл нийлүүлэн” асар том амжилт гаргана гэж хөлбөмбөгийн фанатууд найдаж байна. 
Шинэ клубт шилжин ирсэн Лионель Мессийн анхны хэвлэлийн хурлыг даян дэлхий амьсгаа даран хүлээсэн. Месси “Би их жаргалтай байна, Барселоноос яаж явсныг та бүхэн мэднээ. Өчнөөн жилийн дараа энэ үнэхээр хэцүү байлаа. Харин энд ирсний дараа би өөрийгөө их жаргалтайгаар мэдрэв, Парист ирсэн эхний минутаас л нэн таатай байна. Манай гэр бүл Парист тав тухтай амьдарна гэж найдаж байгаа. Мэдээж энд миний хувьд бүх юм шинэлэг, үүнд би бэлэн. Энэ бол хөлбөмбөг, шинэ нөхцөл байдалд амархан дасна гэдэгт би итгэлтэй байгаа. Одоо надад ганц л хүсэл бий,  хурдхан шинэ багийн нөхөдтэйгээ сургуулилтаа эхлүүлэх. Би ялахыг хүсдэг, анх энэ замыг сонгосон цагаас л ийм хүсэл өвөртөлж явсан шигээ. Би цаашид ч ялалт байгуулж цол хэргэм авахыг хүсдэг, иймээс энэ клубт ирсэн юм” хэмээн мэдэгдэв. 
“Пари Сен-Жермен” клубын ерөнхийлөгч Аль Хелаифи “Энэ бол манай клуб төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн хувьд түүхэн өдөр. Гайхалтай агшин. Бүгд Леог мэднэ, тэр хөлбөмбөгийн ид шид болгон хувиргасан. Тэр ялахын тулд төрсөн” гэж ярилаа. Месси “Хувцасны өрөөнд би найзуудтайгаа уулзсан. Хүчтэй баг, зорилгодоо хүрэх боломжтой. Бид дахиад хамтдаа, би ба Неймар, Паредес, Ди Мария. Мэдээж намайг ПСЖ-д шилжин ирэхэд Неймар чухал үүрэг гүйцэтгэсэн. Эндхийн хувцасны өрөөнд байгаа бүх тоглогчийг би танина... Барселоны эсрэг тоглохоор өөр футболктой “Камп Ноу” цэнгэлдэхэд гарахад хачин санагдана даа, гэвч энэ бол хөлбөмбөг” гэж хэлэв. 
Аргентины амьд домог Месси 2003 оноос “Барселон”-д тогложээ. 34 настай Месси энэ клубт 17 жил тоглохдоо албан ёсны 778 тэмцээнд орж 672 гоол оруулсан. Тэр “Алтан бөмбөг” шагналыг 6 удаа хүртэж 4 удаа Аваргуудын Лигт ялсан, гэвч “Барселон” клубын асар их өрөөс болж ижил дасал болсон клубээ орхихоос өөр аргагүй болжээ. Энд Месси жилд 70 сая гаруй еврогийн цалинтай байсан. Тэр үнэндээ Каталоны клубтээ тал цалингаар тэр бүү хэл цалингүй тоглоход ч бэлэн гэж мэдэгдсэн ч “La Liga”-гийн дүрмээр энэ хориотой юм байна.