Япон орны хүн ам 125 сая. Гэсэн ч өнөөдөр хүн амаа өсгөх гэж Японы эрх баригчид толгойгоо гашилгаж байна, эсрэг тохиолдолд япон үндэстэн газрын хөрснөөс арчигдаж магадгүй болжээ. Яагаад гэвэл, Япон бол дэлхийн хамгийн хөгшин орон. Хүн амын дөрөвний нэгээс илүү нь 65-аас дээш настай, энэ бол 28% гэсэн үг. Япончуудын дундаж нас 49, энэ үзүүлэлтээр тус орон Монакогийн дараа дэлхийд 2-т жагсдаг. Дашрамд дурдахад, 1500 япон тутмын 1 нь 100 ба түүнээс дээш настай.
Албан мэдээгээр 2022 онд Японд шинээр төрсөн хүүхдийн тоо түүхэнд анх удаа 800 мянга хүрсэнгүй. Энэ бол Японы Засгийн газрын хувьд шок, хүнд цохилт. Учир нь, тэд 8 жилийн дараа ийм болно гэж төсөөлж байсан аж. Харьцуулахад, 1970-аад онд төрөлт 2 сая давж байжээ.
Японы Ерөнхий сайд Фумио Кисида “Төрөлт буурч байгааг шийдэхийн тулд яаралтай арга хэмжээ авна. Энэ бол япон үндэстэн хорвоод байх эсэх тухай асуудал... Одоо л шийдэхгүй бол оройтлоо.... Бид 4 сард шинэ агентлаг байгуулж энэ асуудлыг хариуцуулах болно. Хүүхдэд зориулсан зардлаа 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн” гэж мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг дамжуулав.
"2060 он гэхэд Японы хүн ам 86,7 сая болж цөөрөх шинжтэй. Энэ нь эдийн засаг, улс орны аюулгүй байдалд асар сөрөг нөлөөлөх болно. Япон бол дэлхийн 3 дахь том эдийн засаг, гэтэл ирээдүйд хөдөлмөрийн насны хүмүүс улам цөөрөх тул ажиллах хүчний хомсдол үүсэх нь гарцаагүй" хэмээн тоймчид үзэж байна.
”The Japan Times” сонин 17-19 насны өсвөр настнуудын дунд асуулга явуулав. Гэтэл өсвөрийн насны 6 хүүхэд тутмын зөвхөн 1 нь ирээдүйд гэрлэнэ гэжээ. Асуулгад оролцогчдын тал нь “Би өөртөө хань ижил олж чадахгүй байх” гэсэн бол дөрөвний нэг нь “Мөнгө санхүүгийн хүндрэлээс болоод гэрлэхгүй” гэв. Харьцуулахад, энэ насны охидын 52% нь “Ганцаараа амьдрахад сэтгэл санаа амар” гэжээ. Өөр нэг судалгаагаар япон залуусын 80% гаруй нь ирээдүйд гэр бүлийн амьдрал зохиох эсэхээ мэдэхгүй байна гэж хариулжээ.
Японд хүүхэд төрвөл мөнгө өгч өндөр тэтгэмж амладаг, гэвч сүүлийн 14 жилийн турш төрөлт буурсаар байна. Иймээс Японы Засгийн газар хүн амаа олшруулахын тулд Цагаачлалын бодлогоо зөөлрүүлж эхэлсэн. "Төрөлт буурсан шалтгааныг тоочвол амьдралын өртөг нэмэгдсэн, хотод хүүхэд асрах маш хүндрэлтэй, орон зай хязгаарлагдмал (Токиогийн хүн ам хэт олон тул нийслэлээс явсан хүмүүст ЗГ нь мөнгө төлдөг), түүнчлэн сурч буй болон ажилладаг бүсгүйчүүдийн тоо ихэссэн, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл хүртээмжтэй учраас эмэгтэйчүүд төрөлтөө хойшлуулах буюу хүүхэд гаргахгүй гэж шийдэж байна" хэмээн шинжээчид дүгнэжээ.
Орчуулсан #МЦогзолмаа