“Гаазын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа 2025 он гарахаас өмнө дуусгасан байх ёстой гэсэн шаардлагыг Вашингтон сая Израильд тавьжээ. Энэ мэдээллийг манай хэд хэдэн эх сурвалж баталсан. Америкийн Төрийн нарийн бичиг Энтони Блинкен сая Израильд айлчлахдаа энэ шаардлагыг тавьсан аж. Гэхдээ АНУ нийтэд хандсан мэдэгдэл хийхдээ цэрэг дайны ажиллагааг дуусгах эцсийн хугацааг товлосон тухай огт ам нээгээгүй” гэж Английн “The Economist” бичжээ. Энтони Блинкен тухайн үед мэдэгдэл хийхдээ "Израиль улс хүмүүнлэгийн үйл ажил явуулахад илүү их анхаарал хандуулахыг Вашингтон хүсч байна" гэж л хэлсэн юм. Нэмж өгүүлэхэд, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан энэ 7 хоногт бас л Израильд ирэхээр болжээ.
Гаазын зурвасын нөхцөл байдлын талаарх “Al Jazeera” агентлагийн хамгийн сүүлийн үеийн мэдээ:
* Израиль улс дүрвэгчдийн “Аль-Магази” лагерьт цохилт өгсний улмаас тэнд байсан 69 хүний 55 нь амь үрэгджээ. Олон хүн нуранги, балгасанд дарагдсан.
* Израилийн арми Баруун эрэг дээрх Аль-Бира хотын Сатех Мархаб дүүрэг рүү довтолж байна. Энэ үеэр буу зэвсгээс гадна нулимс асгаруулах хий ашиглажээ.
* Хүмүүнлэгийн завсарлагын дараа Гаазын зурвасын нийт 3500 объектод Израилийн Цэргийн нисэх хүчин цохилт өглөө.
* Ливан улсын Засгийн газрын Тамгын газрын ерөнхий нарийн бичиг Махмуд Меккия “Бид Палестины ард түмэнтэй эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн 12 сарын 11-нд бүх нийтийн ажил хаялт зарлаж байна. Манай бүх сургууль, байгууллага хаагдсан” гэж мэдэгдэв.