Image description
Япон улс 100-гаас дээш насалж буй өндөр настнуудаа тооллоо. “Манайд одоо 100 ба түүнээс дээш настай 86,5 мянган хүн амьдардаг” гэж Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам мэдээлснийг “NHK” телевиз дамжуулав. “Энэ бол сүүлийн 50 жилд байгаагүй өндөр үзүүлэлт” гэж Японы сэтгүүлчид онцлон тэмдэглэв. Түүнчлэн тус улс генетикийн маш том судалгааг өндөр настнуудын дунд явуулжээ. 
Сонирхолтой нь, 100-гаас дээш настай хүмүүсийн 88% орчим нь эмэгтэйчүүд байв. Тодруулбал, энэ улсад 100 давсан настай 76450 эмэгтэй бий. Харин эрчүүд их цөөн буюу 10 мянга орчим. Харьцуулахад, өнгөрсөн жил 100-гаас дээш настай япончуудын тоо 6060-аар бага байсан аж. 
Японы хамгийн өндөр настай эмэгтэйг Канэ Танака гэдэг. Фукуока хотод амьдардаг Канэ Танака энэ жил буюу 2021 оны 2-р сард 118 нас сүүдэр зоогложээ. Хамгийн өндөр настай эр түүнээс 7 насаар дүү. Тэр бол Нара хотын оршин суугч Микидзо Уэда, одоо 111 настай. 1921 оноос өмнө төрсөн хүмүүс хамгийн олноороо амьдардаг нутаг бол Хонсю арлын баруун урд зүгт оршдог Симанэ муж. Энд 10 мянган хүн тутамд 100-гаас дээш настай 135 хүн ногддог.