Image description
Орос улсын парламентын Доод танхим буюу Төрийн Думд ойрын хугацаанд шинэ хуулийн төсөл оруулах гэж байгаа талаар тус орны Либерал, ардчилсан намынхан мэдэгдлээ. Өдрийн ангийн оюутнуудыг нийтийн тээврийн хэрэглээр үнэгүй зорчуулах хуулийн төслийг энэ намын Ярослав Нилов, Дмитрий Свищев, Алексей Диденко нар санаачилжээ. “Нийтийн тээврээр зорчих зардал мөнгө нь оюутнуудын орлогын ихэнхийг эзэлж улмаар том дарамт болж байна, иймээс тэднийг үнэгүй зорчуулах нь зүйтэй. Түүнээс гадна манай орны бүс нутаг бүр өөрийн санхүүгийн боломжоос хамаарч нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчих журам дүрмээ тогтоодог. Зарим нутагт оюутнууд энэ хөнгөлөлтөд хамрагддаггүй” хэмээн хуулийн төсөл санаачлагсдын нэг, тус намын гишүүн, парламентын Хөдөлмөр, нийгмийн бодлого, ахмадын асуудал хариуцсан хорооны тэргүүн Ярослав Нилов 9 сарын 15-нд мэдэгдэв
Хуулийн төсөлд дурдсанаар их дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцдаг оюутнуудад хотын бүх нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрх олгох юм байна. Мэдээж, такси, маршрутын такси энд хамаарахгүй. Хэрэв шинэ хуулийн төслийг Төрийн Дум баталбал 2022 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжих юм байна. Гэхдээ өмнө нь энэ хуулийн төслөөс болж ОХУ-ын  Холбооны хуулийн 40-р зүйл ангид өөрчлөлт оруулах шаардлагатай болох аж.