ОХУ-ын экс Ерөнхийлөгч, Аюулгүйн зөвлөлийн дэд тэргүүлэгч Дмитрий Медведев гэрээт цэргүүдийнхээ тоог зарлалаа. “2023 оны 1 сарын 1-нээс хойш Оросын Зэвсэгт хүчний гэрээт цэргийн албанд 500 мянган хүнийг элсүүлээд байна” гэж Д.Медведев мэдэгдэв. Харин тус орны Батлан хамгаалах яамын мэдээлснээр одоо 640 мянган хүн гэрээ байгуулан цэргийн алба хашиж байгаа аж. Дашрамд дурдахад, Оросын гэрээт цэргүүд сард хамгийн багадаа 204 мянган рублийн цалин авдаг юм байна. Түүнээс гадна ОХУ-ын дуучид, урлагийнхан хамтарч тусгай сан байгуулсан ба "Leopard", "Abrams", "Challenger" зэрэг гадаадын танк, хуягт техникийг устгасан тохиолдол тус бүрд 1 сая рублийн шагналыг цэргүүддээ олгодог уламжлал тогтжээ.
“Орос гүрэн өнөөдөр зэр зэвсгийн үйлдвэрлэлээр Өрнөдийн орнуудыг ардаа хол орхисон. 2023 онд манай салбарын үйлдвэрлэж Зэвсэгт хүчиндээ нийлүүлж буй зэр зэвсгийн хэмжээ 10-12 дахин нэмэгдлээ. Асар том тоо яригдаж байгаа, мэдээж би тодорхой тоо баримт дурдахгүй” хэмээн ОХУ-ын Шадар сайд, Аж үйлдвэрлэл ба худалдааны сайд Денис Мантуров мэдэгдсэн.
Нэмж өгүүлэхэд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь шууд эфир хийх үеэр “Өдөр бүр 1,5 мянган орос эр Батлан хамгаалахын яамтай гэрээ байгуулж байгаа. Энэ тоо багасах шинжгүй” гэж хэлсэн юм.
#МЦогзолмаа орчуулав.