Image description

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 76-р улирлын хуралдаан Америкийн Нью-Йорк хотод явагдаж байна. Цар тахлын үеэр анх удаа явагдаж буй дээд хэмжээний энэ хуралдаанд манай гарагийн 190 гаруй орон оролцож байна. Дэлхийн 110 орны төрийн тэргүүн, 50 гаруй Ерөнхий сайд, 20 гаруй Гадаад харилцааны сайд энэ хуралдаанд үг хэлэх юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хуралдаанд үг хэлэхдээ “Би энд түгшүүр зарлах гэж ирлээ. Бид гүн ангалын ирмэг дээр дэнжигнэж буруу зүг рүүгээ явж байна. Дэлхий маань урьд өмнө нь хэзээ ч ийм аюултай байдалд орж байгаагүй, бас хэзээ ч ийм нэгдмэл бус, тархай бутархай байгаагүй. Манай гараг өдгөө коронавирүсийн Цар тахал, цаг уурын хямралтай нүүр тулгарч тэгш бус байдал улам нэмэгдсээр байна, зарим орнуудад зөрчил мөргөлдөөн гаарч байгаа хэмээжээ.
Хуралдаанд оролцсон 
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “АНУ цаашид асуудлыг шийдэхдээ цэргийн хүчээ ашиглахгүй... Вашингтон шинэ Хүйтэн дайн дэгдээхийг эрмэлзэхгүй...  Дайн дажны эрин дуусч цуцашгүй дипломатын эрин эхэллээ” хэмээн мэдэгдэв. НҮБ-ын тэргүүн түүнчлэн улс орнуудад хандан уриалга гаргалаа. “Эх дэлхийнхээ эсрэг дайныг дуусгах ёстой. Хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх үүргийг бүх улс орон өөртөө авч цаг уур, биологийн янз бүрийн төрлийг хамгаалах тал дээр амбицтай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. 2021 оноос шинээр нүүрсний цахилгаан станцыг барихаа зогсоо... Цаг уурыг хамгаалахад жил бүр 100 тэрбум долларыг цуглуулах хэрэгтэй байна” гэж Антониу Гутерриш хэлжээ.
Сонирхуулахад, Афганистаныг гартаа авсан “Талибан” хөдөлгөөнийхөн өөрийн төлөөлөгчийг НҮБ-д суулгах хүсэлтээ ирүүлжээ. Тэд НҮБ дэх суурин төлөөлөгч Гулам Исакзайг халж оронд нь шинэ төлөөгөч Мохаммад Сухайль Шахиныг томилсон. Үүний хариуд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дэд төлөөлөгч Фархан Хак “Афганистан улсыг манай байгууллагад хэн төлөөлөхийг Магадлан итгэмжлэх хороо шийднэ” гэж мэдэгдэв.