Image description
Францын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, “Пари Сен-Жермен” клубын довтлогч Килиан Мбаппе мэдэгдэл хийлээ. Европын аварга шалгаруулах тэмцээний дараа түүнийг маш их шүүмжилж байгаа билээ. “Би үндэсний шигшээ багт тоглохдоо хэзээ ч мөнгө авч байгаагүй, 1 ч евро аваагүй. Үргэлж үнэ төлбөргүй тоглох болно. Би асуудал үүсгэхийг хүсэхгүй, гэхдээ өөрөө асуудал болж хувирснаа нэг л өдөр мэдэрсэн. Бусад хүмүүс ч тэгж байх шиг. Намайг хэт амиа бодож шигшээ багаа хожигдууллаа гэж буруутгасан, надгүй бол баг маань ялах байсан гэж байна. Францын шигшээ баг бол хамгийн чухал зүйл, хэрэв баг маань надгүй илүү сайн, жаргалтай байна гэвэл би явахад бэлэн. Энэ асуудлыг би Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ноэль Ле Гретэй уулзахдаа ярилаа. Европын аваргын тэмцээн дээр Швейцарьтай тоглоход би 11 метрээс оруулаагүй, гэтэл үүний төлөө намайг сармагчин гэж хочилж байгаа нь таалагдахгүй байна. Мэдээж, пенальти оруулж чадаагүй буруутай гэдгээ би үгүйсгэхгүй” гэж Мбаппе ярилаа. 
Мбаппе байсхийгээд л дуулиан тарьдаг. Саяхан л гэхэд тэр “Неймар надад бөмбөг дамжуулахгүй байна” гэж гомдоллон бөөн шуугиан дэгдээсэн. Иймээс Мбаппе жаахан биеэ тоож байгаа талаар ХМХ-ээр бичих болжээ. Харин алдарт хөлбөмбөгчний фанатууд түүнийг өмөөрч "11-р ангид сурч байхдаа хувийн онгоцоор нисч, дансандаа сая сая доллартай болсон Мбаппе одоо 22 нас хүрч томоожсон" гэж байна.