Image description

1990 оноос Монголд улс төрийн олон шинэ нам гарч ирж, улс төрийн намуудын төлөвшлийн үйл явц эрчимтэй явагдаж байна. АН ч мөн адил зөрчил, бэрхшээлтэй, магадгүй цөхрөл, хүлээлтийг тээсээр явна. Энэ үйл явц аажимдаа улстөрийн намуудын төлөвшлийн үйл явц зогсчихсон биш харин ч олон шинэ сонирхолтой асуудлыг гаргаж тавих байдлаар үйл явц идэвхтэй өрнөж буйн дохио ч байж болох талтай. Ялангуяа сүүлийн үед АН-ын эгэл жирийн гишүүд залуусын амнаас өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэх боллоо.

Мэдээж энэ бүхэн анхнаасаа Ардчилсан намыг улс төрийн намын үндсэн шинж болох нийгэм, засгийн хөгжлийн тодорхой бодлогогүй явж  ирсэнтэй холбон тайлбарлагдах биз. 

АН бол зөвхөн нам доторх хэдэн фракцийн удирдлагууд, эсвэл цөөн хэдэн хүний үзэл бодол дээр л суурилж ажилладаг онцлогтой. Тэр ч үүднээсээ АН өнгөрсөн хугацаанд үзэл санааны талаа хэтэрхий орхиж явснаас өнөөдрийн байдалд хүрсэн ч биз. Хамгийн сүүлд л гэхэд хоёр ч сонгуулийг хөгшрөх дургүй “ах нар” нь хувийн эрх ашгийнхаа төлөө зараад идчихсэн гэж чичлүүлдэг. Тэгвэл АН энэ мэт алдаанаасаа зайлсхийж, баячуудын аархал, ядуусын хийрхсэн нэгэн үеэ орхиод ажил хэрэгч, шинэлэг залуусаар эгнээгээ тэлэх цаг ирсэн юм биш үү. Ингэж чадвал живсэн намаа аврах ирээдүй нь гэрэлтэх төдийгүй  АН-ын шинэчлэлийн эхлэл байж болохыг үгүйсгэхгүй. Дээрх шинэчлэлийн хүрээнд намыг бодлогын институт болгох суурийг нь бүрдүүлж, бодлогын шийдвэр гаргадаг чадвартай шинэ үеэр "цус сэлбэх" хэрэгтэй. Эс тэгвээс өмнөх шигээ сонгуульд ялсныхаа дараа юу хийхээ мэдэхээ больчихдог дутагдалтай, зөвхөн сонгуульд л ялах гэсэн механик нэгдэл байсны алдаа гэх мэтээр мэдэмхийрдэг онолоо болих хэрэгтэй. Өнөөдрийн АН-д дотоод идеологи байхгүй болсон нь олон зүйлээр илрэн харагдах болсон. Ямар ч улстөрийн нам хүний нөөцөө бэлдээд явдаг үүрэгтэй ч, намын оршин тогтнох гол тулгуур үндэс болсон дотоод ардчиллын зарчим дээрээ бүдгэрч, намын цөөн удирдах лидер, манлайлагчдын оролцоо нөлөөлөл байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн. Эгэл жирийн гишүүд дэмжигчдийн оролцоо санаачилгыг боогдуулан, нам доторх эрх мэдлийн төлөөх увайгүй далд тэмцэл гаарч, мөнгөтэй хөрөнгөтэй бизнес, санхүүгийн цөөн хүний эрхшээл нөлөөнд орж,  эрх мэдэл албан тушаалаас өөрийгөө болон өрөөлийг, тэр ч бүү хэл өөрийн суурь үзэл бодлоо ч худалдан, хувиргаж чадах арчаагүй “улс төрчид” өнөөдрийн АН-ыг булингартуулсан дордуулсан нь гашуун үнэн. Тиймээс л АН олигархжсан бүлэглэл болсон гэдэгтэй нийгэм зарим талаар санал нийлдэг биз. Тэр ч утгаараа АН улс төрийн амьдралын өнөөгийн өвөрмөц онцлог нөхцөл, эрх зүйн зохицуулалтын дутуу дулимаг байдал, улс төрийн соёл ухамсрын боловсроогүй түвшин, сонгуулийн хэлбэрийн зарим таагүй нөлөөлөл зэрэг ерөнхий хүчин зүйлийн талаар ярьж болох боловч гол нь дээрх байдлын учир шалтгааныг эхлээд гаднаас биш дотроосоо, эрж хайж цэвэрлэх нь хамгийн зөв. Нэг үгээр хэлбэл энэ нь “ нам ба бүлэглэл” гэсэн хоёр түвшинтэй явж ирсэн АН өнөө хэр нь лидер тойрсон бүлэглэлээсээ салж чадахгүй байгаа нь нууц биш юм. Хөгшрөх дургүй, залуустаа боломж олгодоггүй АН-ынхан өрнөдийн намын хэлбэрийг сохроор дууриагаад 1990 онд байгуулах гэж зүтгэсэн  ардчиллыг төлөвшүүлэн гүнзгийрүүлэх асуудалд хойрго хандаад байвал удаан оршин тогтнон гэдэг бас л хүндрэлтэй. Монголын ардчиллын илэрхий зөрчил, парадоксыг арилган засамжлахын оронд түүнийг бугшуулан хуримтлуулж, дотооддоо завхруулан, хэт намчирхлыг өөгшүүлэн, шударга бус байдлыг дэвэргэн, авилгалд автан, хариуцлагын механизмыг үл тоомсорлон, ардчиллын зарчмыг хөсөр хаяад байвал шинэчлэл энэ тэр гэж яриад ч бүр хэрэггүй. Тос дотроосоо л өтдөг гэдгийг марталгүй, дотоод идеологио эргүүлэн олж авах цаг болжээ, АН-ынхаан