Орос гүрэн Антарктид тивийг судлах судалгааны ажлаа улам өргөжүүлэн тэлж, “Восток” хэмээх өөрийн станц дээр өвлийн шинэ цогцолборыг нээлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Белоруссын тэргүүн Александр Лукашенко нар онлайнаар оролцов. Путин “Манай шинэ станц бол Антарктид тивдээ хамгийн орчин үеийн бөгөөд сайн тоноглогдсон... “Восток” станцад хамгийн сүүлд 40 жилийн өмнө их засвар хийсэн юм. Анхны барилгууд цасанд дарагдсан, арай хожуу үеийнх хүртэл 5м цасанд бүрэн эсвэл хэсэгчлэн хучигджээ. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж станцын маань боломж нэг шат ахилаа... Манай шинэ станц нээлттэй талбай, иймээс дэлхийн олон орны хамтын ажиллагаа улам бэхжихэд тусална.... Орос ба Белоруссын Холбооны улсын хүрээнд бид хамтарч Антарктидыг судлах эрдэм шинжилгээний, инновацийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Яг одоо Оросын 69 дэх, Белоруссын 16 дахь экспедици хамтран ажиллаж буй шиг” гэж онцлон тэмдэглэв.
Оросууд шинэ цогцолбороо шинжлэх ухааны орчин үеийн аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр өвч тоноглосон, орчин үеийн эмнэлэгтэй. Мөн амралтын бүс бий: бильярд, кино танхим, спорт заал, саун.
Цогцолборын урт 140 м, өргөн 13,5 м, дээд өндөр 17,5 м. Нийт талбай 1911 м2. Шинэ станцыг 3 м өндөр 36 тулгуур дээр байрлуулсан тул олон жилийн турш цасанд хучигдахгүй. Байгууламжийн корпусыг 95см зузаантай дулаалгын минерал материалаар бүрж, нүүрэн талыг их хүйтэнд тэсвэртэй панелиар хийжээ. Энд 15 -35 хүн тав тухтай амьдрах боломжтой. Аюулгүй байдлыг бүрэн хангасан, бүх систем нь 2-3 нөөцтэй.
Шинэ цогцолбор 5 модулиас бүрдсэн: Ажлын тасалгаа ба орон сууцны 2 ширхэг модуль. Дизель-генераторын төхөөрөмж болон ус цэвэрлэх ба хадгалах системтэй модуль. Нөөц дизель-генератортой агуулах болон гарааштай модуль.
Арктик ба Антарктидын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Александр Макаров “Өвлийн, шинэ цогцолбор нь тохилог, тав тухтай орчныг бүрдүүлсэн, үүний ачаар өмнөд туйл дээр ажилладаг манай эрдэмтдийн амьдрал, ахуйн нөхцөл эрс сайжирч байна. “Восток” станцын эрдэм шинжилгээний судалгаа, ажил нь дэлхийн хэмжээний чухал ач холбогдолтой. Тиймээс Орос цаашид ч Антарктид тивийг судлахад тэргүүлэгч байр сууриа хэвээр хадгалах болно. Энд өвөлжихийг дэлхийн тойрог зам дээр ажиллаж амьдрахтай зүйрлүүлж болно. Орон зайн мэдрэмж өөрчлөгдөж гэрэлтэй саруулхан төдийгүй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй. Ахуйн олон ажил автоматчилагдав. Туйлынханд зориулсан олон шинэ өрөө, мөн нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах зориулалттай шинэ, том орон зай бий болж байна. Шинэ станцын ийм амьдрал туйлынхны сэтгэл санаанд эерэг нөлөөлөх нь гарцаагүй. Түүнээс гадна интернэт, гар утасны холбооны тусламжтай тэд ойр дотны хүмүүс, найзуудтайгаа чөлөөтэй харьцах юм.... Энэ бүхний ачаар гэр орон, дэлхийгээс таслагдмал тусгаарлагдмал байдал бага мэдрэгдэх байх” хэмээн мэдэгдэв.
Сонирхуулахад, Оросууд 2019 оноос шинэ цогцолбор барихыг санаачилж 2020 онд уг төлөвлөгөөг баталж ажлаа эхлүүлсэн аж. Цогцолборын бүх эд анги, тоноглол, тоног төхөөрөмжийг Орост үйлдвэрлдэсэн ба Антарктид руу нийт 6,8 мянган тонн ачаа зөөжээ.
Нэмж өгүүлэхэд, “Восток” станцыг анх 1957 онд Антарктид тивийн мөсөн дээвэр дээр бараг 3500м өндөрт байгуулжээ. Зуны дундаж температур -35,9 °С, харин өвлийн дундаж температур -66,7 °С. Гэхдээ 1983 оны 7 сард энд -89,2 °С бүртгэгдсэн юм.
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: Антарктид тивд шинэ цогцолбороо ашиглалтад орууллаа
2024-1-31
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.