“WikiLeaks” сайтыг үндэслэгч, 52 настай Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлж өгөх шийдвэрийг 2021 онд Английн эрх баригчид гаргаж, харин 2022 оны 4 сард Лондоны Вестминстерийн магистрын Шүүх тогтоолоо баталсан юм. Мэдээж Жулиан Ассанж давж заалдах өргөдлөө гаргасан... Ингээд 2024 оны 2 сарын 21-нд Английн Дээд Шүүхийн сонсгол явагдлаа. “Сонсгол дууслаа. Ассанжийг Америкт шилжүүлэх эсэхийг энэ оны 3 сар гэхэд эцэслэн шийдвэрлэхээр болжээ” хэмээн “The Independent” сонин мэдээлсэн. Жулиан Ассанжийн биеийн байдал сайнгүй байгаа тул уг Сонсголд биечлэн болон онлайнаар оролцох боломжгүй байжээ. Ассанжийн гэргий Стелла ба өмгөөлөгч Эдвард Фицджеральд нар удаа дараа мэдэгдэл хийхдээ Ассанжийг улстөрийн шалтгаанаар хорьж буйг онцолсон юм.
Сэтгүүлч Жулиан Ассанж өнөөдрийн байдлаар 1780 хоног Английн хатуу дэглэмтэй шоронд хоригдож байна. Тэрбээр өмнө нь АНУ-ын эрх баригчдын хууль бус үйлдлээс зугтааж 7 жилийн турш Лондон дахь Эквадорын Элчин яаманд сайн дураараа толгой хоргодсон билээ.
Нэмж өгүүлэхэд, Америк гүрэн төрийн болон цэргийн нууц задруулсан хэргээр сэтгүүлч Ассанжийг 17 зүйл ангиар яллаж 175 жил хорихоор төлөвлөж буйгаа аль хэдийн мэдэгдсэн юм.
#МЦогзолмаа орчуулав.
Ассанжийг АНУ-д шилжүүлэх эсэхийг 3 сард эцэслэн шийдвэрлэнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.