Image description
Лондоны эдийн засаг, улстөрийн ухааны сургуулийн (LSE) эрдэмтэд эрдэм шинжилгээний 300 гаруй судалгаа явуулсны эцэст наймаалж, хавч, кальмар, каракатица, лобстер, осьминог зэрэг толгой хөлтнүүд яг хүн шиг өвдөлт, шаналал, айдсыг мэдэрдэг гэж дүгнэжээ. “Бид 8 төрлийн хэмжигдэхүүнээр хэмжсэн.... Оюун ухаантай сээр нуруугүй амьтдыг барих, зарах, хэрэглэх аргад өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Жишээ нь, эдгээр амьтныг цаашид амьдаар нь чанаж идэхээ болих хэрэгтэй. Хэрэв идэхээр бол эхлээд заавал нойрсуулах ёстой” гэж эрдэмтэд уриаллаа. Харин тогооч нар үүнийг эсэргүүцэн “Далайн амьтдыг амьдаар нь чанаж хэрэглэхгүй бол амт чанар өөрчлөгдөж онцгүй болдог” гэж тайлбарлав.
Эдгээр амьтны мэдрэлийн төв систем нарийн, төвөгтэй болох тухай өмнө нь эрдэмтэд хэлж байсан. Харин Английн Засгийн газар одоо энэ дүгнэлтийг анхааралдаа авсан төдийгүй цаашид толгой хөлтнүүд болон 10 хөлт хавч хэлбэртэн амьтдад хүмүүнлэг хандаж байгаа эсэхэд хяналт тавихаа мэдэгдлээ. Тус орны Амьтдыг хамгаалах асуудал хариуцсан сайд, лорд Зак Голсмит “Далайн толгой хөлтнүүд, хавч хэлбэртний тухайд Англи улс тусгай хууль тогтоомж гаргаж хамгаалах ёстой. Ингэснээр бид амьтдын эрхийг хамгаалах салбарт манлайлагчдын эгнээнд орж чадна” хэмээжээ. Иймээс одоо боловсруулж буй “Амьтдыг хамгаалах, тэдэнд ёс зүйтэй хандах тухай” хуулийн төсөлд (Animal Welfare (Sentience) Bill) шинэ бүлэг анги нэмэгдэх бололтой. Гэхдээ 
Английн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яам “Хавч, наймаалж зэрэг амьтныг төрийн хамгаалалтад авсан ч тэднийг барих, олборлох, зоогийн газарт хэрэглэхэд шууд нөлөөлж чадахгүй байх” гэж сэрэмжлүүлжээ. Сонирхуулахад, Англиас гадна Швейцарь, Итали, Франц зэрэг Европын холбооны зарим орон мөн иймэрхүү арга хэмжээ авсан юм байна.