Орос улсын Москва орчмын Красногорск хотын “Крокус Сити Холл” төвд террористууд аймшигт халдлага үйлдсэний улмаас өнөөдрийн байдлаар 137 хүн амь үрэгдэж (3 нь хүүхэд) 155 хүн шархдаж бэртсэн тухай тус орны Мөрдөн байцаах хороо мэдээлэв. 62 талийгаачийг хэн болохыг тогтоосон, одоо цогцос таних ажиллагаа үргэлжилж байгаа тухай “ТАСС” агентлаг дамжууллаа.
3 сарын 24-ний өдрийг Орос даяар гашуудал зарлажээ. Тус төвд “Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр 6000 гаруй хүн цугларсан байв. Зэвсэгт этгээдүүд Крокус төвийн гадаа машинаас буумагцаа эхлээд төв хаалганы хамгаалагчид руу гал нээж дараа нь дотогш халдан орж шууд үзэгчид рүү бууджээ. Террористууд гранат, шатдаг лонх шидэж гал түймэр дэгдээсний улмаас дээвэр нурж олон хүнийг дарсан тухай ХМХ мэдээлэв. Оросын бүх шуурхай алба, гал сөнөөгчид ажиллаж нисдэг тэргүүдээр ус цацаж түймрийг унтраасан байна.
ОХУ-ын Холбооны мөрдөх товчоо 11 хүнийг энэ хэрэгт сэжиглэн баривчилсан, тэдний 4 нь уг хядлагыг гардан үйлдсэн террористууд. “Хэргийн газраас Калашниковын автомат 2ш, цэргийн хувцас тоноглол 4ш, сум 500ш, магазин 28ш олдсон. Брянск мужид 4 алан хядагчийг баривчлах үеэр Рено авто машин, Макаровын гар буу, Калашниковын магазиныг хураалаа” гэж Оросын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
Харин ОХУ-ын Холбооны мөрдөх товчоо “Крокус төвд алан хядах ажиллагаа үйлдсэн террористууд Орос-Украины хилийг давахаар төлөвлөж байсан. Украины талтай холбоо харилцаатай болох нь тогтоогдлоо... Тэдний ашигласан зэр зэвсгийг урьдаас бэлдэж нуусан байсан... Гэмт хэрэгтнүүд машинаар Украин руу зугтааж яваад баригдлаа... Террористууд маш сайн бэлтгэгдсэн байна, буугаа сумлаж зэвсэгтэй харьцаж байгаагаас илт. Халдлага 18 минут үргэлжилсэн, Крокусын гадаа машинаас бууж тийш орсноос хойш буцаж гарч ирэн өөр машинд сууж хөдлөх хүртэл 18 минут өнгөрчээ” хэмээжээ.
“2 террорист алагдсан. 1 нь үзэгчийн танхимд, нөгөө нь Брянск мужид. Алан хядагчид бүгд гадаадынхан, Тажикистаны иргэд байна.... Баривчлагдсан 4 террористын нэг мэдүүлэг өгөхдөө 3 сарын 4-нд Туркээс нисч ирсэн гэсэн.... Тэр интернэтээр захиалагчидтай холбогдож 500 мянган рублиэр хүн алахыг зөвшөөрсөн ба 250 мянгыг нь картаар авсан, гэхдээ картаа гээсэн гэж хариулжээ.... Крокуст террорист ажиллагаа болсноос хойш 1 цаг ч өнгөрөөгүй байхад АНУ гэнэт мэдэгдэл хийж уг гэмт хэргийг "Исламын улс"-ын террористууд үйлдсэн, иймээс Украин энд хамаагүй гэжээ. Бид тэнд хэдэн алан хядагч, ямар зэвсэгтэй байсныг ч тогтоогоогүй, ер нь мэдээлэл нэн хомс байхад америкчууд ийм мэдэгдэл хийсэн нь их сэжигтэй... Ямар ч мөрдөх ажиллагаа явагдаагүй, бүр хэн ч Украины тухай ам нээгээгүй байхад! "АНУ-ын хийж буй мэдэгдэл бүр хожим нотолгоо, гэрчийн мэдүүлэг болно" гэж манай Гадаад харилцааны яамын төлөөлөгч Мария Захарова санууллаа" хэмээн Оросын ХМХ бичжээ.
Оросууд Брянск мужид террористуудыг баривчлахдаа нэг алан хядагчийн өрөөсөн чихийг хутгаар тайрч “ид” хэмээн ам руу нь чихэж байж мэдүүлэг авсан төдийгүй энэ бичлэгээ зориуд интернэтээр цацжээ. “Ийм аймшигтай аргаар байцаасан нь учиртай. Исламын фанатуудын “амыг нээх” амаргүй, маш богино хугацаанд мэдээлэл авах шаардлагатай үед ийм арга хэрэглэдэг. Шаардлагатай мэдээллээ хэр хурдан авснаас террорист ажиллагааны бусад оролцогчийг хурдан олж чадна, улмаар энгийн иргэдээ учирч болзошгүй аюулаас хамгаална. Энэ үед юун террористын хүний эрх мэрх.... Радикал исламистуудын хувьд чихгүй болох нь гутамшиг, шившиг. Тэд чихгүй болбол шахид болж чадахгүй, диваажинд очихгүй гэж айдаг. Яагаад гэвэл Коран сударт “Аллах та нарын чихээс чангааж тэнгэрт аваачдаг” гэж сургажээ. Ер нь энэ бичлэгийг зүгээр нэг интернэтэд цацаагүй, энэ бол ирээдүйд террорист болж магадгүй хүмүүст өгч буй дохио, сигнаал. Манай хүчний байгууллагууд маш сайн ажилласан. Путин тэдгээр террористыг амьдаар нь шуурхай баривчлах тушаал өгснийг тэд ёсчлон гүйцэтгэлээ” гэж шинжээчид тайлбарлажээ.
Сонирхуулахад, Пентагоны экс зөвлөх, хурандаа Дуглас Макгрегор “Крокуст болсон алан хядах ажиллагаанд АНУ-ын Тагнуулын төв газар, Английн MI6 холбоотой байх магадлалтай. Харин аймшигт хядлагыг гардан үйлдсэн террористууд нь Украины талын экстремистүүдтэй холбоотой бололтой” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно
2024-3-25
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.