Image description
“Сарын дараа Бээжингийн Олимп зохион байгуулагдана, гэхдээ энэ удаа дан хятад тамирчдын тэмцээн болж хувирах төлөвтэй. Дэлхийн зарим орны төр засгийн тэргүүнүүд хүрэлцэн ирэх хэдий ч үзэгчгүй, хоосон танхимд Олимп явагдана. Тэр бүү хэл орон нутгийн хөгжөөн дэмжигчид, үзэгчдээ оруулах эсэх нь одоо хүртэл тодорхой бус байгаа. Хятад улс коронавирүсийн шинэ штаммаас айж ийм хатуу арга хэмжээ авсан.... Гэхдээ Бээжин бол өвөл ба зуны Олимпийг хоёуланг зохион байгуулсан дэлхийн анхны хот болох нь, өмнө нь нэг ч хот ийм амжилтад хүрч чадаагүй” гэж “Das Erste” бичжээ. 
АНУ, Англи, Австрали зэрэг хэдэн орон дипломат бойкотыг Бээжингийн Олимпид зарласан билээ. Герман ба Европын холбоо одоо хүртэл байр сууриа тодорхойлоогүй. Гэхдээ Германы Гадаад харилцааны сайд Анналена Бербок Хятадын Олимпид очихгүй гэж мэдэгдсэн. Тэр бүү хэл зарим тамирчин Өвлийн Олимпид оролцохоост татгалзаж байна. Америкийн хоккейн үндэсний Лига саяхан Цар тахлаар шалтаглан тамирчдаа илгээхгүй гэсэн билээ. 
Хятадын тэргүүн Си Жинь Пин “Даян дэлхийд агуу, сайхан Олимпийг бэлэглэхийн тулд Хятад орон бүх хүчин чармайлтаа зориулна. Хорвоо ертөнц Олимпио хүлээж байгаа, манай улс аль хэдийн бүгдийг бэлэн болгочихсон” гэж Шинэ жилээр үг хэлэхдээ дуулгасан. 
“Хятад хөрөнгө мөнгө, хүч чадлаа харамгүй гаргаж нийслэл хотоо тойруулан спортын шинэ объектууд, Олимпийн тосгод, олон эмнэлэг, тусгаарлах байрууд, авто замууд, өндөр хурдны төмөр зам барилаа” хэмээн “Das Erste” сонины нийтлэлд дурджээ. 
Нэмж өгүүлэхэд, Хятадын ойрын холбоотон Умард Солонгос өнөөдөр Бээжингийн Өвлийн Олимпийн наадамд оролцохгүй гэж мэдэгдлээ. “Дэлхийг нөмрөн авсан коронавирүсийн Цар тахал ба дайсагнагч хүчнүүдийн үйлдлээс болж манай орон Өвлийн Олимпид оролцож чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Хятадын эсрэг, Өвлийн Олимпийн нээлтийг амжилттай зохион байгуулахын эсрэг чиглэсэн Америк ба түүний хяналтад байдаг хүчнүүдийн алхам үйлдэл улам бүр ил тод болж байна. Уралдаан тэмцээнд оролцохоос татгалзсан ч агуу, сайхан Олимпийн наадмыг зохион байгуулж буй хятад нөхдөө манай Умард Солонгос бүрэн дэмжиж байгаа” гэж Олимпийн наадам зохион байгуулах хороонд илгээсэн Умардын захидалд дурджээ. Сануулахад, Умард Солонгос 2021 онд Японд явагдсан Зуны Олимпид ч оролцоогүй билээ.