Image description

Монголд Омикрон хувилбарын давлагаа хөнгөн өнгөрөх боломж байна. Манай улсад тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа ч одоогоор эмнэлэгт 4100 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 37 хүн л маш хүнд ангилалд багтаж байна. Дельта хувилбарын оргил үед манай улсад эмнэлэгт хэвтэлт 22000 хүрч, маш хүнд ангилалд 300 хүн багтаж байсантай харьцуулахад энэ нь бага тоо юм. Тэгвэл Омикрон хувилбар Монголд ингэж хөнгөн эхэлж байгаа нь сүргийн дархлаа сайн тогтсон, өвдсөн ба вакцинд хамрагдсан хүмүүсийн хувь өндөр байгаатай холбоотой гэж үзэж байна.  Манай улстай төстэй нөхцөл байдалд байгаа  Их  Британийн Лондоны их сургуулийн профессор Дэвид Хеймэний яриа ч үүнийг нотолж байна. Тэрээр “Их Британи улсад 1 сарын дараанаас тохиолдлын тоо буурч эхэллээ. Бид удахгүй энэ давалгааг даван туулна. Манай улсад өвдсөний дараах болон вакцины дархлааны нийлбэр болох сүргийн дархлаа өндөр тогтсоны нөлөөгөөр тохиолдлын тоо 13 хувиар буурлаа” гэж өнгөрсөн долоо хоногт гэж мэдэгджээ. Профессор Дэвид Хеймэн нь ДЭМБ зөвлөхөөр ажилладаг бөгөөд Их Британи улсын Нийгмийн Эрүүл Мэндийн салбарыг удирдаж байсан нэгэн юм. Тэрээр сүргийн дархлаа өндөр улсуудад өвчлөлийн хүндрэл бага байгааг дэлхийн олон оронд тохиолдож байгаа Омикроны давалгаанаас харж болохыг мөн онцолжээ.  Их Британийн томоохон бодлогын институт болох Чатхам Хаусд лекц уншихдаа энэ тухай тэрээр ярьсан байна..