Image description
Швейцарь өнгөрсөн жил ургац муу авсан, мөн тог цахилгааны үнэ өссөн зэрэг шалтгааны улмаас 2022 он гараад талх, гурилан бүтээгдэхүүний үнэ 15%-иар өслөө гэж тус орны “SRF” телевиз мэдээлэв. 2021 онд үр тарианы ургац ердийн хэмжээнээс гуравны нэгээр бага байсан төдийгүй тосны ургамлуудын хувьд нөхцөл байдал мөн адил.  байжээ. "Иймээс одоо Швейцарь гадаадаас гурил худалдаж авч байна. Энэ нь ихэнх талхны газар он гармагц талх, гурилан бүтээгдэхүүний үнийг ингэж огцом нэмэхэд нөлөөлсөн. Гурилын хомсдол, цахилгааны өндөр үнийн зэрэгцээ энд сав, баглаа боодол ч үнэд оржээ" гэж шинжээчид тайлбарлав.
"Интоор, чавга, лийр бараг хурааж чадаагүй, усан үзмийн ургац багахан авсан. Юуны өмнө цаг агаарын байдал, хур тунадас сөргөөр нөлөөлж 2021 онд ургац алдахад хүрлээ" гэж Швейцарийн фермерүүд “SRF” телевизийн сурвалжлагчдад ярьжээ. Люцерн зэрэг зарим нутагт зун мөндөр ихтэй байсан учраас олон тариалангийн талбай устаж ямар ч ургац хураагаагүй. Тиймээс 2020 онтой харьцуулахад 2 дахин бага ургац авсан юм байна. Нэмж өгүүлэхэд, хэт чийглэг цаг агаараас болж хураасан үр тарианы чанар муудаж заримыг хүнсэнд хэрэглэхэд тохиромжгүй болжээ. 
“Нөхцөл байдал мөддөө сайжирч хэвийн болно гэж үйлдвэрлэгчид найдахгүй байна. Энэ жил сайн ургац авна гэж төлөвлөж байгаа, гэхдээ бид дундаж үзүүлэлтээс илүү ургац хураасан ч хангалтгүй. Яагаад гэвэл гурилын тээрэмчид нөөцлөх болно, тэгээд эрэлт хэрэгцээ нь нийлүүлэлтээс давуу хэвээр үргэлжлэх төлөвтэй” хэмээн Швейцарийн үр тариа, тээрмийн нэг компаний захирал Гвидо Вики ярилаа.