Image description

Хятад улсын тэргүүн Си Жинь Пин өчигдөр “Төв Ази –Хятад” дээд хэмжээний уулзалтад онлайнаар оролцохдоо “Манай орон ойрын 3 жилд Казахстан, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан гэсэн Төв Азийн 5 оронд 500 сая долларын буцалтгүй тусламж үзүүлнэ” гэж мэдэгдлээ. Төв Азийн 5 орон уг тусламжийг нийгмийн чанартай том төслүүдэд зарцуулах ёстой аж. Хятад түүнчлэн 5000 мэргэжилтэн бэлдэх квотыг энэ 5 оронд тарааж өгөхөөр болжээ, ялангуяа эрүүл мэнд ба мэдээллийн технологийн салбар, ядуурлыг бууруулах, хөдөө нутгийн ард иргэдийн амьдралыг сайжруулах асуудлуудыг онцгойлон авч үзэх аж. Си дарга мөн “Төв Азийн орнуудад коронавирүсийн эсрэг 50 сая тунг бэлэглэнэ, ирэх 5 жилд Төв Азийн орнуудын 1200 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна. Күнзийн хүрээлэнг шинээр нээх буюу одоо ажиллаж байгааг өргөжүүлж тэлэх төлөвлөгөөнд энэ бүс нутгийн орнуудыг урьтал болгон авч үзнэ. Түүнчлэн Залуусын урлагийн наадам, Өсвөрийн лидерүүдийн лагерь зэрэг арга хэмжээг хамтарч явуулахаар төлөвлөж байгаа. Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Хятад улс аялал жуулчлалын платформ бүтээхэд бэлэн, танай 5 орныг онцгой жагсаалтад бүгдийг багтаана. Хятад ба Төв Азийн орнуудын найрамдлын форум байгуулах санал дэвшүүлж байна. Ойрын 5-10 жилд ах дүү хотуудын тоог 100 хос болгож нэмэгдүүлнэ. Хүсвэл хятад ардын эмнэлгийн төвүүдийг байгуулж өгнө. 2030 онд гэхэд Хятад ба Төв Азийн орнуудын бараа эргэлт 70 тэрбум долларт хүргэнэ. Цахим арилжааны салбарт хамтран ажиллах бүтэц байгуулах, аж үйлдвэрлэл ба хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум явуулахыг санал болгож байна. Хятад –Киргиз –Узбекийн төмөр зам, Хятад –Төв Азийн тээврийн гудам байгуулах төслийг хэрэгжүүлэхэд бэлэн... Бид өндөр технологийн салбарт (тухайлбал хиймэл оюун, том өгөгдөл, үүлэн тооцоолол) хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой” хэмээн мэдэгдлээ. 
“Төв Азийн орнуудын чанартай бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр Хятадын аварга том дотоод зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн... Бүс нутагт өнгөт хувьсгал дэгдээхийн тулд гадны хүчнүүд өдөөн хатгалга хийх гэж оролдож буйг бид эсэргүүцдэг. Хүний эрхийг хамгаалах нэрийдлээр гадны, түрэмгий хүчнүүд дэлхийн улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож ард түмнүүдийн тайван амьдралыг түйвээж байна. Саявтар Казахстанд дэгдсэн эмх замбараагүй явдлын уршгаар олон хүний амь нас эрсдэж асар их хэмжээний материаллаг гарз хохирол учирсан. Хятад бол Казахстаны хөрш, анд нөхөр. Хүчирхийллийг зогсоох, нөхцөл байдлыг тогтворжуулах гэсэн Казахстан улсын хүчин чармайлтыг бид маш шийдмэгээр дэмжиж байгаа. Бээжин шаардлагатай бүх дэмжлэг тусламжийг үзүүлэхэд бэлэн" гэж Хятадын тэргүүн Си энэхүү онлайн саммит дээр ярилаа. .