Image description
Казахстан улсын Сенат анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бүрэн эрхийн хасахыг дэмжиж хуулиндаа өөрчлөлт оруулав. Энэ улсын "Анхны Ерөнхийлөгчийн тухай хууль”-ийн дагуу Назарбаев уг нь насан туршдаа Аюулгүйн зөвлөл, Ард түмний ассамблейг тэргүүлэх ёстой билээ. “Төрийн тэргүүн өөрөө Аюулгүйн зөвлөл, Ард түмний ассамблейг тэргүүлэх ёстой гэж сенаторууд үзэж уг хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Тэд Мажилисын  (парламентын Доод танхим) өргөн барьсан төсөлд нэмж нэг залруулга хийв. “Анхны Ерөнхийлөгчийн тухай хууль”-д гадаад дотоод бодлогын үндсэн чиглэлүүдийг Елбасытай зөвшилцөж тохирох ёстой гэсэн заалт бий, үүнийг сенаторууд хассан. Үүний дараа Сенат хуулийг буцааж Мажилист хүргүүллээ” гэж депутат Ляззат Сулеймен мэдэгдлээ. 
Сонирхуулахад, Казахстаны эрх баригч нам “Нур Отан” одоо даргаа солихын зэрэгцээ дүрмээ бас Улстөрийн зөвлөлийн бүтцээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа тухай тус намын тэргүүлэгчийн 1-р орлогч Бауржан Байбек ярилаа. “Нур Отан” нам ээлжит бус 21-р их хурлаа удахгүй хийх гэж байгаа. Энэ хурлаар Казахстаны анхны Ерөнхийлөгч Назарбаев үлдсэн ганц албан тушаалаасаа ангижрах нь гарцаагүй болжээ. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ намын даргаар сонгогдох нь ойлгомжтой. “Их хурлаар 3 асуудал хэлэлцэнэ. Үүнд: Намын даргаа сонгох, намын дүрэмд өөрчлөлт оруулж батлах, Улстөрийн зөвлөлийн бүтцийг өөрчлөх сонгууль явуулах” гэж Бауржан Байбек мэдэгдлээ.