Хятадын арми 5 сарын 23-24-нд хээрийн сургуулилт хийхдээ Тайвань арлыг бүрэн бүсэлсэн тухай дэлхийн ХМХ мэдээллээ.
“Манай энэ маневрууд бол Тайванийг салан тусгаарлахын төлөө тэмцдэг сепаристууд болон тэднийг дэмжиж Хятадын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг оролддог гадаадын хүчинд ноцтой сэрэмжлүүлэг болох ёстой” хэмээн Хятадын армийн командлалын мэдэгдэлд дурджээ.
Тайваний шинэ Ерөнхийлөгч Лай Цин Дэ тангараг өргөхдөө хэлсэн үгээс болж нөхцөл байдал хурцадсан гэж шинжээчид дүгнэжээ.
Хятадууд урьд өмнө байгаагүй хатуу ширүүн мэдэгдэл хийж Тайвань төдийгүй АНУ, Японд хаяглажээ. Японд суугаа Хятадын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Зянь Хао “Япон хэрэв Хятадыг хагалан бутаргах дайны морин тэргэнд өөрийгөө хөллөх юм бол япончууд бүгд галт таманд унана шүү. Дараа нь анхааруулж сэрэмжлүүлээгүй гэж яриад байв аа” гэж мэдэгдсэн юм. Япон энэ мэдэгдлийн хариуд шууд эсэргүүцэл илэрхийллээ.
Зарим ХМХ чихэндээ итгэсэнгүй, буруу сонссон байж магадгүй гэж Хятадаас лавлажээ. Үүний хариуд Хятадын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Ван Вэнь Бинь “Японы албаны зарим хүн сүүлийн үед Тайваньтай холбоотой асуудлаар байнга сөрөг алхмуудыг хийж байна. Тайвань аралтай холбоотой бүхэн Японд ч хамаатай гэж тэд мэдэгдсэн. Иймэрхүү утгагүй, аюултай мэдэгдлүүд нь Хятад ба Японы хооронд байгуулсан улстөрийн 4 гэрээг, мөн Японы өөртөө хүлээсэн үүрэг хариуцлагыг ч ноцтой зөрчиж байна. Харин манай Элчин сайдын сэрэмжлүүлэг бол чин сэтгэлийн, хууль ёсны бөгөөд албан баримтууд дээр үндэслэн өгсөн хариу юм.... ...Энэ хээрийн сургуулилт бол сепарист хүчний хувьд ноцтой шийтгэл төдийгүй гаднаас өдөөн хатгалга хийх, хөндлөнгөөс оролцох хэрэггүй болохыг ноцтой анхааруулж буй хэрэг. Тэдний үйлдэл манай 1 тэрбум 400 сая хятадуудын зүгээс эрс шийдмэг няцаалттай учирч..... толгойгоо бяцалж цусаа урсгах болно....” хэмээжээ. Тэр бүү хэл Хятад гүрний Гадаад харилцааны сайд Ван И өмнө нь мэдэгдэлдээ "1,4 тэрбум хятадуудтай тэмцэлдэх хэрэггүй гэж Америкт сануулчихая, өөртөө л гай удна шүү" гэж анхааруулж байсан билээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятадын арми сургуулилтын үеэр Тайванийг бүслэв
2024-5-24





АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.