---Оросын сэтгүүлч Дмитрий Бавырины нийтлэлээс---
Зеленский эцсийн эцэст Хятадыг жинхэнээсээ уурлуулчихлаа. Хятад гүрэн удахгүй Швейцарьд болох “энхийн саммит”-ыг жинхэнэ биш гэж мэдэгдсэн. Харин жинхэнэ саммитыг хятадууд өөрсдөө зохион байгуулахаар төлөвлөж байх шиг. Тэгэхдээ Бразил, Турк зэрэг орны оролцоотойгоор.
Бээжингийн тэсвэр алдагдахад хүргэсэн “сүүлчийн дусал” юу байв? Владимир Зеленский өөрийн мэргэжлийн онцлог (хошин шогчин) болон мэдлэгийн явцуу хүрээний улмаас Украины дипломат бодлогыг нэг бус удаа сүйрүүлсэн дээ. Тэр хөндлөнгөөс оролцон өөрөө гоцлон тоглож эцсийн бүлэгт бүхнийг баллаад хаячихдаг. Яагаад гэвэл, тэр улстөрч биш шоучин.
Энхийн саммит гэх Швейцарийн арга хэмжээг Зеленский өөрийн гол дүрд тоглох шоу гэж үзэж буй.... Тэр Оросын эсрэг 2 аргаар дайтдаг: Цэрэг байлдаан ба улстөр. Эхний арга бүтэлгүйтсэн, учир нь Украин ялагдаж Оросын арми урагш давшиж байгаа. Иймээс түүнд ганц улстөр л үлдсэн. Киев холбоотнуудаа цуглуулж Москватай “тооцоо бодох” юм байх. “Өрнөд миний атганд” гэж Зеленский боддог (гэвч үнэндээ Өрнөд өөрийг нь атгачихсаныг тэр ойлгодоггүй). Иймээс тэр Даяаршсан Өмнөд бүсийн орнуудыг онилсон, юуны өмнө Хятадыг.
Харин Швейцарийн арга хэмжээнд очихгүй гэж хятадуудыг мэдэгдэхэд Зеленский учиргүй гомдож “Москвагийн дохиогоор хөдөлдөг, Оросын бодлогыг хэрэгжүүлдэг” гэж Бээжинг буруутгачихдаг байгаа!
Тэр дэмий л ингэж хэлсэн юм да. Мань эр Хятадыг өдөж өөнтөглөн өшөөгөө авах, өдөөн хатгах гэж оролдсон. Гэхдээ Зеленский нэг юмыг мэдээгүй, хятадуудын хувьд ямарваа цагаан арьстнуудаас хамааралтай гэх нь маш эмзэг сэдэв. Хятад олон олон жилийн турш гадаадын эрхшээлд байж маш их гарз хохирол амссан билээ. “Дахиж хэзээ ч бусдын дарамтад орохгүй”, “Бид зөвхөн өөрсдөө” – энэ бол төр улсын номлол төдийгүй үндэсний менталитет. Ийм учраас бүрэн бие даасан биш гэж буруутгах нь хятадуудын уур хилэнг бадраадаг....
Ингээд Хятад угсраа цохилтуудыг Украины улстөрд өгч эхлэв, хүчтэй бөгөөд ихэд өвтгөсөн.
Хятадын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Мао Нин “Швейцарийн саммит манай орны шаардлагад нийцээгүй. Тэгээд ч тэнд цугларах орнуудын зарим нь Украинд сайн сайхныг хүсдэггүй. Тэд бүгд Украины холбоотнууд биш ээ, Оросын эсрэг украинчуудын шаардлагыг дэмжихгүй орнууд ч бий” гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, “энхийн хурал”-ын дүрмийг Зеленский биш Хятад тогтооно гэжээ. Өөрсдөө Швейцарийн тэр хуралд очихгүй байж тэд ингэж хэлжээ.
1 өдрийн дараа Хятадын "хамаг бүдүүн дарга" ГХ-ы сайд Ван И бүр нэмээд “балбачихлаа”. Тэрбээр “Хятад, Бразил улсуудын 6 зүйлээс бүрдсэн консенсусыг хэр олон орон дэмжих тусам жинхэнэ Энхийн хурал хийх өдөр ойртох ба дэлхийн ирээдүй төчнөөн гэрэл гэгээтэй байх болно” хэмээжээ.
Ийнхүү Зеленскийн алсын хараагүй бодлого, бүдүүлэг авирын улмаас Бээжингийн төвийг сахисан байр суурь өөрчлөгдөж Швейцарийн арга хэмжээг “дэмий хоосон” гэчихлээ. Энэхүү дүгнэлт Бээжингийн чиг баримжаатай, түүний санал бодлыг анхааран үздэг бүхэнд (ийм улс дэлхийд олон ) маш чухал.
Тэгэхээр шоуны цаг дуусч жинхэнэ Энхийн бодлого явуулах цаг ирэхээр Бээжин дохио өгөх нь.
Бээжингийн гол сонирхол бол Вашингтоны оронд манай гарагийн зохицуулагч болж америкчуудаас илүү гэдгээ батлах: АНУ байгаа газарт дайн дажин, харин Хятад очсон газар нутагт энхтайван.... Хэрэв хятадууд Орос, Украины дайныг “дуусгаж чадвал” АНУ-ын нэр хүндэд асар том цохилт болох нь гарцаагүй.
Хятад тэгээд XXI зуунд дэлхийн лидер болсноо батална. Гэхдээ Хятадын дипломат амжилт бол Оросын армийн ялалтын үр нөлөө гэдгийг энд онцлон тэмдэглэх ёстой.
Бүх дайн эрт орой хэзээ нэг цагт энхийн гэрээ, саммитаар төгсдөг. Украин –Оросын дайн ч ялгаагүй. ОХУ үнэндээ Хятадад итгэж найдан тус арга хэмжээг зохион байгуулахыг даалгах биз.
....Орос цэргүүд эх орныхоо төлөө ялалт байгуулж байгаа болохоос биш Хятадыг дэлхийд манлайлуулах гэж биш ээ.
...Ерөнхийдөө Швейцарьд жинхэнэ саммит болохгүй, жинхэнийг нь Хятад зарлан хуралдуулна. Гэхдээ тэнд Зеленскийг урих эсэх нь тодорхойгүй. Украин бүрмөсөн “чад хийсний” дараа жинхэнэ саммит болно, арай хожуу....
....Хятад одоо Зеленскийн бүхий л итгэл найдварыг бяц гишгэчиж байгаа нь зөвхөн орос цэргийн гавьяа.
#МЦогзолмаа орчуулав.
Зеленский Хятадыг уурлуулжээ
2024-6-07
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.