Image description
Олимпийн мөнгөн медальт, Оросын уран гулгагч Александра Трусова дэлхийд анх удаа тав эргэлттэй үсэрнэ гэж мэдэгдэн хорвоо ертөнцийг шоконд оруулав.  Одоогоор эм байтугай эрэгтэй уран гулгагч ч 5 эргэж чадахгүй байгаа. Александра Трусова бол эмэгтэйчүүдээс анх удаа албан ёсны тэмцээн дээр дөрвөл үсрэлт –тулуп, лутц, флип хийсэн, бас дөрвөн эргэлттэй үсрэлтийг нэг хөтөлбөрт 5 удаа гүйцэтгэсэн дэлхийн анхны бөгөөд цорын ганц уран гулгагч. “Нэг газраа зогсох надад хэцүү санагддаг. Би үргэлж ямар нэг шинэ зүйл сурахыг хүсдэг, энэ надад таалагддаг. Үүний төлөө л спорт байдаг гэж би үздэг. Спортод өөрийгөө ялах хэрэгтэй. Хүн улам бүр сайжрах ёстой. Би тав эргэлттэй үсрэлтийг сурах гэж байгаа. Хэрэв чадвал бусдаас түрүүлж хийж үзүүлэхийг хүсдэг, эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдээс ч түрүүлж. Одоо хүртэл хэн ч үүнийг хийж чадаагүй” хэмээн Александра Трусова мэдэгдлээ. “Орос пуужин” хочит Трусова өмнөө тавьсан зорилгодоо заавал хүрдэг нэгэн, иймээс тэр эрт орой хэзээ нэгэн цагт хүслээ биелүүлж чадах байх. Харин түүний энэ мэдэгдэл уран гулгалтын ертөнцийг 2 хуваачихлаа. Дэлхийн болон Европын хүрэл медальт уран гулгагч Анна Погорилая “Хэрэв Трусова 5 эргэлттэй үсрэлт хийж чадвал эрэгтэй уран гулгагчдыг бүсэлхийнээс нь доогуур цохисонтой адил хэрэг болно” хэмээжээ. Харин Илья Авербух “Би түүнийг чадна гэдэгт итгэхгүй байна, дэмий хэрэг” гэж энэ талаар хэлэв. Олимпийн аварга Алексей Ягудин “Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Гэхдээ аливаа хүсэл ухаалаг, оновчтой байвал зохино, харин үүнийг би олж харахгүй байна. Түүний оронд Александра чөлөөт хөтөлбөрөө ядаж ганц удаа цэвэр, алдахгүй гулгая гэж мөрөөдвөл таарна” гэжээ. Гавьяат дасгалжуулагч Татьяна Тарасова “5 эргэлттэй үсрэлт уг нь боломжтой, гэхдээ эрсдэл гаргах хэрэггүй. Эхлээд одоогийн хөтөлбөрөө төгс гүйцэтгэж сурах хэрэгтэй” хэмээжээ. Олимп, дэлхийн олон удаагийн аварга Ирина Роднина “Александра ихэнх тамирчнаас ялгаатай, өөрийн гэсэн замыг сонгосон хүн. Тэр уран гулгалтын салбарт хувьсгал хийхийг хүсдэг, тэгэх ч эрхтэй. Гэвч Александра үнэн хэрэгтээ үсрэхээс биш гулгадаггүй. Юун тав эргэлт? Юуны өмнө дөрвөл үсрэлт бүхий бүхэл цогц, эмэгтэй хөтөлбөрийг хийж сурвал таарна, үсрэлт нь тусдаа хөтөлбөр биш шүү” гэж шүүмжилжээ.