Image description
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх Байнгын Ажлын хэсэг байгуулж, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг даргаар томилж, газар дээр нь хяналт тавьж ажиллахыг үүрэг томиллоо. Мөн Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн нийт 1217,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг баталлаа. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.
Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж байгаа Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох нууцад хамаарах нийт есөн хадгаламжийн нэгж бүхий 1133 хуудас баримтаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1039 хуудас баримтыг төрийн нууцаас гаргаж ил болгохоор шийдвэрлэлээ.