Image description
Дэлхийн агуу теннисчин Новак Жокович, Рафаэль Надаль нар Уимблдоны тэмцээний зохион байгуулагчдыг шүүмжилсэн тухай “Fox News” мэдээлэв. Алдартай тамирчид улирлын 2 дахь чухал тэмцээн болох Уимблдонд Орос, Белоруссын тамирчдыг оролцуулахгүй гэсэн хоригтой санал нийлэхгүй байна. Хоригт орсон Оросын теннисчин Даниил Медведев бол “АТР” жагсаалтын 2-т бичигддэг, “U.S. Open” тэмцээний эрэгтэй, ганцаарчилсан төрлийн аварга билээ. Белоруссын эмэгтэй теннисчин Арина Соболенког бас энэ тэмцээнд оруулахаас татгалзсан, тэр бол дэлхийн зэрэглэлд 4-т жагсдаг. 
Рафаэль Надаль “Энэ бол Оросын тамирчдын хувьд шударга бус үйлдэл. Надад их харамсалтай байна. Зохион байгуулагчид хувийн шинжтэй шийдвэр гаргалаа. Эрх баригчид ингэ гэж шаардаагүй. Ирэх хэдэн долоо хоногт юу болохыг харъя, эдгээр тоглогч энэ талаар ямар нэг шийдвэр гаргах байх. Өрнөж буй үйл явдалд тамирчид ямар ч буруугүй шүү дээ” гэж мэдэгдлээ. Харин Новак Жокович “Намайг коронавирүсийн эсрэг вакцин хийлгээгүй гээд “Australian Open” тэмцээнд оруулаагүй, Австралийн нутгаас албадан гаргасан. Яг адил биш ч үүнтэй төстэй үйл явдал одоо болж байна. Тэмцээнд орох боломжгүй гэдгийг ухамсарлах үнэхээр хэцүү, хүнд байдаг. Иймээс би Уимблдоны зохион байгуулагчдын шийдвэрийг дэмжихгүй. Энэ шийдвэр зүгээр л шударга бус, буруу” хэмээжээ.