Image description
Америк гүрний тэргүүн Жо Байден “Конгресс нэн яаралтай Нэмэлт тусламжийн тухай хуулийн төслийг баталж гарын үсэг зуруулахаар надад авч ирэх ёстой. Хэрэв миний санал болгосон 33 тэрбум долларын Лэнд лизийн хөтөлбөрийг дэмжихгүй бол бид 10 хоногийн дараагаас Украинд тусламж үзүүлэхээ зогсоож магадгүй” гэж мэдэгдлээ. Тус хуулийн төслийг 4 сарын 29-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим сайшаасан юм. Байдены хүссэн 33 тэрбум долларын 20.4 тэрбум доллар нь цэргийн тусламж, харин 8.5 тэрбум доллар нь эдийн засгийн, үлдсэн 3 тэрбум доллар нь хүнс, хүмүүнлэгийн тусламж гэнэ. 
Харин “Fox News” телевизийн хөтлөгч Такер Карлсон энэ үеэр цөмийн дайны аюулаас сэрэмжлэн Ерөнхийлөгч Байденыг огцруулах ёстой гэж уриалав. “Украинд үзүүлж байгаа цэргийн тусламжаас болж үнэндээ АНУ-ын эдийн засаг, батлан хамгаалах системд ноцтой асуудал учирлаа. Ерөнхийлөгч Жо Байден нөхцөл байдал ямар аюултай байгааг ухамсарлахгүй байна. Бид маш их хэмжээний зэр зэвсэг Киевт нийлүүлсээр байгаад одоо өөрсдөө хомсдолд орчихлоо. Одоо хэрэв ямар нэг ноцтой зөрчил дэгдвэл буу зэвсэг, сум хүрэлцэхгүй байж магадгүй. Гэтэл Байден бүр нэмээд 33 тэрбум долларыг Украинд өгөхөөр шийджээ. Энэ бол Мексиктэй хиллэх хил дээр хана барихаар Дональд Трампын гуйж байснаас ч хавьгүй их мөнгө шүү... Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал улам муудсаар байна. Инфляци дээд хэмжээндээ хүрч, хүнсний нийлүүлэлт тасалдаж эрчим хүчний хомсдолд орох шинжтэй. Үндсэн хуулийн 25 дахь залруулгыг санаж байгаа хүн байна уу? (Ажлын чадвараа алдсан бол Ерөнхийлөгчийг огцруулах тухай) Цаашид энэ хэвээр үргэлжилж болохгүй. Бид цөмийн дайны ирмэгт ирээд байна.... АНУ дээд зэргийн аюулд орчихоод байхад дээд удирдлага ухаангүй авирлаж байна. Байден бүр юу ч ухамсарлахгүй, солиотой мэт. Бүгд үүнд түгшиж байгаа ч ил тод ярихаас айж байна” гэж алдартай хөтлөгч Карлсон мэдэгдлээ.