Image description
Арабын Нэгдсэн Эмир улсын Ерөнхийлөгч, шейх Халифа бен Заед Аль Нахайян баасан гарагт 73 насандаа таалал төгссөн тухай тус орны “WAM” мэдээллийн агентлаг дамжууллаа. АНЭУ өнөөдрөөс эхэлж 40 хоногийн турш төрийн гашуудал зарлажээ. Энэ үеэр бүх далбааг бөхийлгөж 3 өдрийн турш төр засгийн бүх яам газар, холбооны болон орон нутгийн байгууллагууд болон хувийн компаниуд ажиллахгүй. 
Шейх Халифа бен Заед Аль Нахайян бол 2004 оны 11 сарын 3-наас хойш АНЭУ-ын 2 дахь Ерөнхийлөгч, Абу-Дабийн захирагчаар ажилласан юм. Тэр бол энэ орны анхны Ерөнхийлөгчийн хүү. Түүний эцэг шейх Заед бен Султан Аль Нахайян 1971 онд АНЭУ-ыг байгуулсан бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа улс орноо асар хурдтай хөгжүүлж хүн амынхаа амьдралын түвшнийг огцом нэмэгдүүлжээ. Ерөнхийлөгч Халифа улсдаа анх удаа тогтвортой хөгжлийн стратегийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлсэн аж. Тэрээр АНЭУ-ын нефть, байгалийн хийн болон боловсруулах салбарыг хөгжүүлэхэд ихэд анхаарахын зэрэгцээ орон сууц, боловсрол, нийгмийн үйлчилгээтэй холбоотой олон төслийг гардан удирдсан юм.