Image description
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Санкт-Петербургийн эдийн засгийн форум дээр хэлсэн үгийг үргэлжлүүлэн хүргэж байна. Түрүүч нь: http://massnews.mn/a/2730

.....Европын холбооны орнуудад инфляци өсч хүн амын бодит орлого бууран тэдний хадгаламжийг “идэж” байна, харин Оросын нөхцөл байдал огт өөр. Европын холбооны гишүүн орнуудад тэгш бус байдал цаашид улам ихэсч нийгмийг хагалан бутаргах төлөвтэй, асуудал иргэдийн хангалуун чинээлэг аж амьдралд гэхээсээ бүлгүүдийн үнэт зүйлсийн чиг баримжаанд оршиж байна. Бодит амьдрал болон нийгмийн эрэлт хүсэлт, хэрэгцээ шаардлагаас ингэтлээ тасарсан явдал зайлшгүй популизм, хэт даврагч радикал урсгалыг огцом нэмэгдүүлж нийгэм эдийн засгийн ноцтой өөрчлөлт, доройтол мөхөлд хүргэнэ. Тэгээд тийм ч алсын бус ирээдүйд элитүүдээ авч хаях болно.... 
Европ хэдийгээр эв нэгдэл гэж ярьж байгаа ч энэ нь Европын холбоо өөрийн улстөрийн тусгаар байдлаа бүрмөсөн алдсаныг нууж чадахгүй. Энэ холбооны элитүүд үнэндээ бусдын аяар самбаганаж “нохойд барьдаг мод” болж хувираад дээрээс хэлсэн бүхнийг гүйцэтгэж өөрийн ард түмэн, өөрийн эдийн засаг, өөрийн бизнест хор хөнөөл учруулж байна. 
...Өнөөдрийн үнийн өсөлт, инфляци, хүнс ба түлш, бензин гээд эрчим хүчний салбарыг бүхэлд нь нөмрөн авсан асуудлууд бол үнэндээ АНУ-ын засаг захиргааны, Европын түшмэдийн эдийн засгийн бодлогодоо гаргасан олон алдааны үр дүн. Бүх шалтгаан шалтаг энд л оршиж байна. Европын хувьд үнийн өсөлтөд нэрмээс болсон зүйлс гэвэл эрчим хүчний дампуу бодлого, нөхөн сэргээгдэх эрчим хүчинд сохроор найдсан явдал, байгалийн хий нийлүүлэлтийн богино хугацааны гэрээ. Энэ бүхнээс болж эрчим хүчний энергийн үнэ 2021 оны 3-р улирлаас эхэлж огцом өссөн юм, Донбасст явуулж буй манай ажиллагаанаас бүүр өмнө гэдгийг би давтан хэлье. Бид үүнд огтхон ч хамаагүй. Өөрсдөө баахан будлиан тарьчихаад үнэ тэнгэрт тулмагц дахиад л буруутныг хайж эхлэх юм... 
“Их долоо” бүлгийн орнууд олон жилийн турш макро эдийн засгийн хариуцлагагүй бодлогыг (ямар ч хяналтгүй эмисси, баталгаагүй өрийн хуримтлал гэх мэт) тууштай явуулсан учраас даян дэлхий ийм нөхцөл байдалд орчихсон. 
Хоол хүнсний хомсдолд орж өлсгөлөн нүүрлэж буй орнуудад, тухайлбал Африк, Ойрхи Дорнодод Орос орон хамгийн түрүүнд туслах болно. Дашрамд дурдахад, америкчууд өөрсдөө манай бордоонд хориг тавьсан, тэднийг европчууд ч дуурайсан. Дараа нь АНУ юу болж буйг ойлгоод тэр хоригоо цуцалсан бол Европ үгүй. Тэдний хүнд суртлын аппарат яг XVIII зууны тээрмийн чулуу шиг ажилладаг. Тэнэг юм хийснээ бүгд ойлгосон, гэвч хүнд суртлын аппаратын ажиллагааг болиулах цуцлах тун чиг амаргүй. 
....Орос эдийн засгийн бодлогодоо дараах 5 зарчмыг баримтална. Нэгт, Орос орон нээлттэй. Тусгаар орнууд үргэлж тэгш эрхт түншлэлийн төлөө... Орос хэзээ ч өөрийгөө тусгаарлахгүй, эдийн засгаа ч хэт тусгаарлах замаар явахгүй. Өрнөд харин ингээсэй л гэж мөрөөдөж сууна...
Манай урт хугацааны хөгжлийн 2 дахь зарчим бол бизнес, худалдаа наймааны эрх чөлөөн дээр тулгуурлана. Орост ашиг тустай хувь санаачилга бүрийг дээд зэргээр дэмжиж хэрэгжих орон зайг бий болгоно. Бизнест үзүүлэх засаг захиргааны дарамтыг цаашид бууруулж хяналт шалгалт эерэг үр дүнтэй бол үзлэг шалгалтын тоог бууруулна....
Гуравт, хариуцлагатай бөгөөд баланстай макро эдийн засгийн бодлого явуулж буйн ачаар хориг арга хэмжээг бид даван туулж чадаж байна. Манай зорилго бол олон он жилийн турш эдийн засгаа баталгаатай хөгжүүлэх, иргэд ба бизнест очих инфляцийн ачааг багасгах, дунд ба урт хугацааны инфляцийг 4% болгох. 
Дөрөвт, нийгмийн шударга ёс. Улс орны эдийн засгийн өсөлт болон ажил хэрэгч санаачилга, аж үйлдвэрлэлийн боломж, шинжлэх ухаан-технологийн потенциалын өсөлт зэрэг нь нийгэмд хүчтэй хэрэгжиж биелэлээ олох ёстой. Тухайлбал, тэтгэврийнхэн болон хүүхэдтэй гэр бүлд, мөн амьдралын хүнд хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүст хаягаар туслах, ажлын байрыг нэмэгдүүлэх. Тэтгэвэр болон Цалингийн доод хэмжээ , Амьжиргааны доод түвшинг нэмэх, эдгээр үзүүлэлтээс нийгмийн бусад халамж нөхөн олговор шууд хамаардаг ба барагцаалбал 15 сая хүний орлоготой холбоотой.
Тавд, бид дэд бүтцээ түрүүлж, давамгай хөгжүүлэх болно. Тээврийн сүлжээг бэхжүүлэх төсвийн шууд зардлыг нэмсэн, ирэх жилээс холбооны болон бүс нутгийн шинжтэй авто замын сүлжээг барих, засварлах өргөн цар хүрээтэй төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ. 5 жилийн дотор бид авто замын сүлжээний 85%-ийг нормын дагуу болгож дуусна... 
Орос орон логистик, хоршооллын холбоогоо хөгжүүлж төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэн Арктикийн боомтууд болон дорно, өмнөд, бусад чиглэлд хүчин чадлаа ихэсгэнэ. Түүнчлэн Азов-Хар далайд, Каспийн тэнгисийн сав газарт эдгээр нь “Умард-Өмнөд” гудмын чухал хэсэг байх бөгөөд Ойрхи Дорнод ба Өмнөд Азитай тогтвортой харилцах суваг болох юм... Дэд бүтцийн төсвийн зээлийг идэвхтэй ашиглана...
Нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх дотоодын бизнесийг хурдан хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрлэлийн ипотек хэмээх зарчмын шинэ хэрэгслийг бий болгож хэрэгжүүлэх санаачилга гаргаж байна. Энэ бол жилийн 5%-ийн хүүтэй хөнгөлөлттэй, урт хугацааны зээл байх юм. 
....Дээрх 5 зарчмыг хэрэгжүүлснээр Орос орон улам хүчирхэгжин хөгжинө. Дэлхийн шинэ дэглэмийн дүрмийг чухам хүчирхэг, тусгаар орнууд л зохиож хэрэгжүүлнэ, тэд харин хэн нэгний гаргасан замаар явахгүй тэдний заавраар ч хөдлөхгүй. Зөвхөн хүчирхэг, бие даасан орнууд энэхүү шинээр төрөн бий болж буй дэлхийн дэглэмд өөрийн үгээ хэлнэ, эсвэл ямар ч эрх мэдэлгүй колони болж үлдэнэ.... 
Орчуулсан #МЦогзолмаа