Image description
Америк гүрний Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандан үг хэлэв. “Бензиний үнэ ба Путины үнийн өсөлтийн тухай Ерөнхийлөгч Байдены мэдэгдэл” хэмээн нэрлэсэн энэ үгэндээ Байден инфляци, түлш, хямрал гээд бүх зүйлийн буруутан нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хэмээжээ. Цагаан ордны эзэн энэ мэдэгдэлд 12 удаа Кремлийн тэргүүний нэрийг дурдлаа. 
“Түлшний үнэ нэмэгдэнэ гэдгийг Америк ойлгож байсан, гэвч Украины эсрэг хийсэн Путины алхмыг нүд анин өнгөрүүлж болохгүй байлаа. Бид оролцохгүй байсан ч Путин зогсохгүй хийх л байсан. Тэгээд бид улам өндөр үнэтэй нүүр тулгарах байсан юм.... Эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг Европт болон даян дэлхийд хамгаалах ёстой. Путины эсрэг зогсох нь буруу гэж та нар хэлэхийг хүсч байна уу? Америкт бензиний үнэ доогуур байж Европт Путины төмөр нударга ноёрхохыг бид илүүд үзнэ гэж та нар хэлэх гэж байна уу? Би үүнд итгэхгүй... Америкийн ард түмэн ойлгож байгаа, тэд Украины ард түмний талд зогсохоор шийдсэн” хэмээн Ерөнхийлөгч Байден хэлжээ.  
АНУ-ын тэргүүн Байден мөн түлшний татварыг 3 сарын турш зогсоохыг Конгрессоос хүсч, “Энэ алхам уг асуудлыг арилгахгүй ч Америкийн айл өрхөд тусална” гэжээ. АНУ-д инфляци сүүлийн 40 жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүрч 8,6% болсон билээ. Байден үүнийг “хараал” гэж нэрлэсэн удаатай. Америкийн эрх баригчид “Үнийн өсөлт бол Украины хямралын уршиг” гэж ард түмэндээ тайлбарладаг ба Цар тахлын үед мөнгө хэвлэж эдийн засагт шахсанаа үүнд огт нөлөөлөөгүй хэмээн үзэж байна. 
Орчуулсан #МЦогзолмаа