Image description
Америкт бараг өдөр бүр буудалцаан болж өчнөөн хүн амь үрэгдсэн мэдээ цацагддаг, гэтэл тус орны Дээд шүүх олон нийтийн газарт зэр зэвсэгтэй явахыг америкчуудад зөвшөөрлөө. Дээд шүүхийн 9 шүүгчийн 6 нь буюу ихэнх нь энэ шийдвэрийг дэмжжээ. “Олон нийтийн газарт зэр зэвсэгтэй явахыг хоригловол Үндсэн хуулийн 2-р залруулгыг зөрчсөн хэрэг болно” хэмээн тэд үзсэн аж. Энэхүү залруулгад иргэн хүний зэвсэг авч явах, хэрэглэх эрхийг баталгаажуулсан юм байна. Өмнө нь АНУ-ын зарим муж, тухайлбал Нью-Йоркт зэвсэгтэй явах зөвшөөрлийг авахын тулд “онцгой шаардлагатай” гэдгээ батлах ёстой байсан юм. Үндсэн хуулийн 2-р залруулга 1791 оны 12-р сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм. Харин сүүлийн үед тус орны Ардчилсан намынхан болон Ерөнхийлөгч Байден нэг бус удаа америкчуудын зэр зэвсэг худалдаж авах, биедээ авч явах эрхийг нь хязгаарлахыг оролдсон. Гэвч зэвсэг үйлдвэрлэгчид, зэвсгийн наймаачдын хүчтэй лобби үүний зөвшөөрөхгүй эсэргүүцсээр байна. Дашрамд дурдахад, тэдний ихэнх нь Бүгд найрамдах намынхан. 
Америкийн хүн ам 329.5 сая, гэхдээ энэ улсын энгийн иргэдийн гар дээр 395 сая галт зэвсэг бий. Өөрөөр хэлбэл, 1 америк иргэний гар дээр 1,24 буу бий. Энэ бол дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт.