Image description
Орос орон домогт дуучин Юрий Шатуновоо үдэж байна. Тэрээр 6 сарын 23-нд шилжих шөнө зүрхний хурц дутагдлын улмаас 49 настайдаа өнгөрсөн билээ. Өнгөрсөн 7 хоногт Оросын өөр нэг алдартай дуучин Пьер Нарцисс мөн л залуугаараа буюу 45-тайдаа нас барсан, өвчнөөр. 
“Ласковый май” хамтлагийн дуучин Шатуновтай салах ёслол 6 сарын 26-нд нээлттэй явагдав. Түүнийг эцсийн замд нь үдэхээр нэмэх 30 градусын халуунд цасан цагаан сарнай тэвэрсэн мянга мянган хүн дугаарлаж байв. Нийт 20 мянга гаруй хүн энэ өдөр хайртай дуучинтайгаа салах ёс хийхээр ирсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үеэр нэг фэн нь ачааны машин дүүрэн ув улаан сарнай авч иржээ, хүссэн хүн болгон түүнээс авч шүтээн дуучныхаа шарил дээр тавиг гэж. Харин өнөөдөр буюу 6 сарын 27-нд зөвхөн ойр дотны хүмүүс оролцох хаалттай ёслол болж 6 сарын 28-нд оршуулах юм байна. Шатуновын гэрээслэлийн дагуу шарилыг нь чандарлаж хэсгийг нь түүний сүүлийн үед амьдарсан Германы Бавари нууран дээгүүр цацах аж. 
Юрий Шатунов1973 онд Башкирийн Кумертау хотод төрсөн. Түүнийг 3 настай байхад эцэг эх нь салж харин 11 настайд ээж нь өнгөрсөн, зүрхний хурц дутагдал. Юрий эхлээд Акбулак тосгоны, дараа нь Оренбургт хотод Өнчин хүүхэд асрах газарт өсчээ. Асрах газрын уран сайхны дугуйлангийн удирдагч Сергей Кузецов өөрийн бичсэн дууг дуулуулахаар түүнийг сонгон авч, дараа “Ласковый май” хамтлагийг байгуулсан аж. Харин 1988 онд тухайн үедээ маш алдар цуутай “Мираж” хамтлагийн менежер Андрей Разин тус хамтлагийг Москвад авч ирэв. Тэд анхны том аялан тоглолтыг тэр ондоо хийснээр Зөвлөлт даяар танигдаж алдаршсан билээ. Зөвхөн 2019 онд 2500 гаруй концерт тоглосон "Ласковый май" хамтлагийн амжилтыг өнөө хүртэл Орост хэн ч эвдэж чадаагүй. Зарим үед өдөрт 8 тоглолт хийж байв. Хамтлаг 1991 онд тарсны дараа Юрий 18-тайдаа Германд очиж дууны режиссероор сурав. Ингээд тэр бие даан уран бүтээл туурвиж эхэлсэн, 1994-2018 онд 7 цомог гаргажээ. ... Юрий Шатуновын гэргийг Светлана гэдэг, тэд 2 хүүхэдтэй. Хүү Дэннис 16-тай, охин Эстелла 11-тэй. 
“Ласковый май” хамтлагийн дууны эрхээс болж цагтаа сайн найзууд явсан Юрий Шатунов ба Андрей Разин хоёр сүүлийн хэдэн жил шүүхдэлцэж байв. Шатуновыг нас барахаас 6 өдрийн өмнө Шүүх түүний талд шийдвэр гаргажээ. “Хууль ёсны эрх надад байгааг энэ бүх бичиг баримт нотолно. Миний эсрэг хийхийг оролдож буй Андрей Разины үйлдэл бол үхлийн өмнөх таталт. “Ласковый май” хамтлагийн дуу миний хувьд амьдрал” гэж Юрий Шатунов нас барахаасаа 2-хон хоногийн өмнө ХМХ-д ярьж байжээ. 
Орчуулсан #МЦогзолмаа