Image description
АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси мягмар гарагийн орой Тайваний Тайбэй хотын Суншань онгоцны буудалд буулаа. “Пелосийн энэ айлчлал нь Хятадын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ноцтой зөрчсөн хэрэг” гэж Хятад мэдэгдлээ. Хятадын Гадаад харилцааны яам тус улсад суугаа АНУ-ын Элчин сайд Николас Бернсыг дуудаж Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбогдуулан Засгийн газрынхаа өмнөөс эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ үеэр Хятадын байлдааны 20 гаруй онгоц Тайваний бүс рүү нэвтэрч орсон, онгоц тээвэрлэгч 2 хөлгөө тийшээ илгээсэн, хятадууд мөн танкуудаа эрэг дагуу татаж төвлөрүүлэн тив алгасагч пуужингуудаа зөөвөрлөж байна гэсэн мэдээ дэлхийн ХМХ-ээр ар араасаа цацагдаж байв. 
Гэхдээ Хятад яагаад амласан хатуу арга хэмжээгээ авсангүй вэ? Хацар луу нь алгадахад зүгээр өнгөрүүлсний шалтгаан юу вэ? Энэ тухай тоймчид, шинжээчдийн мэдэгдлийг хүргэе. “Хятад улс 8 сарын 4-7-нд Тайваний орчим цэргийн, өргөн цар хүрээтэй сургуулилт хийх гэж байгаа, үүнийг ашиглан тус арлыг бүрэн тусгаарлаж болзошгүй. Агаараас ч далайгаас ч тэр” хэмээн ОХУ-ын шинжээч Алексей Леонков ярилаа. 
Харин хятад судлаач А.Шпунт “Хятадын энэ цэргийн сургуулилт бол дайнд бэлдэж буй хэрэг бишээ, харин харилцаа муудаж байгаа гэж АНУ, Тайваньд өгч буй дипломат мессеж. Сүүлийн жилүүдэд Бээжин, Тайбэй 2 уг нь бизнес, боловсрол, хүмүүнлэгийн салбарт их ойртож хамтран ажиллаж байсан, одоо энэ бүхэн зогсчээ.... Байдены захиргаа асуудлаа мэддэггүй, мэдлэггүй. Энэ нь АНУ-д байтугай сөргөлдөгч талуудад ч ашиггүй, яагаад гэвэл Вашингтонтой юуны ч тухай хэлэлцэж тохиролцох боломжгүй. Хятадууд АНУ-тай яриа хэлэлцээр хийхэд бэлэн, гэхдээ ийм аргаар Бээжинтэй ажиллах болохгүй гэсэн дохиог Вашингтонд өгч байна” гэж тайлбарлав.
“Хятадын арми байлдааны бэлэн байдалд орж цэргийн онгоцууд нь Тайваний бүсэд эргүүл хийж эхэлсэн. Гэсэн ч Нэнси Пелосийн онгоц Тайбэйд буулаа. Хятад яагаад юу ч хийсэнгүй вэ? Яагаад гэвэл, энэ бол 2 үзүүртэй саваа мод. АНУ тэргүүтэй Өрнөдийнхөн бүр Солонгосын дайны үеэс л сонирхолтой тактик ашиглаж ирсэн: Хувааж эзэмш. Нэгдмэл ард түмнүүдийн нэг хэсгийг тасалж аван тэнд цэрэг-зэвсгийн зөрчил гаргахын тулд өөрийн нөлөөгөө нэмэгдүүлдэг. Украинд яг ийм юм болж Оросын эсрэг хөдөлгөсөн. Одоо ийм үйл явдал Тайваньд өрнөж байна. Энэ арал дээр бие даасан, ардчилсан сонгууль явуулах ёстой гэж АНУ үзсэн, өөрөөр хэлбэл Тайванийг Бээжингийн эсрэг сөргөлдүүлж байна. Өнөөдөр Өрнөд ямар ч аргаар хамаагүй дэлхийн ноёрхлоо хэвээр хадгалахыг оролдож байгаа. Украинд бараагүй, иймээс Хятадыг сэрээж өдөөн хатгаж эхлэв. Хэрэв Хятад сая хатуу хариу барьсан бол Өрнөд ээлжит мэдээллийн дайнаа дэгдээх байсан. Өөрт таалагдаагүй орнуудын эсрэг авдаг тэдний арга хэмжээ... Тайваньчууд Пелосийг угтахдаа Украины билэгдэл бүхий масктай байгааг анзаарав уу? Энийг зүгээр санамсаргүй тохиолдол гэж бодож байна уу? Өрнөд үнэндээ Хятад хэр бат бөхийг шалгаж сорьж байна. Тэд энэ тактикаа 2014 онд Украинд, бас Донбасст ашигласан. Юу ч өөрчлөгдсөнгүй... Хятадууд мэдээж Тайванийг буцааж нэгтгэх зорилготой, гэхдээ Хонконг шиг. Америкчууд өнөөдөр Украинаар дамжуулан Оросыг нүдэх гэж оролдож байна, нөгөө талаас Хятадын эсрэг хөдөллөө. Гэхдээ Дэлхийн 3-р дайныг дэгдээх мөнгө АНУ-д байхгүй ээ” гэж Орос дахь “Залуусын санаачилга Евразийн хүрээлэн”-гийн ерөнхийлөгч Юрий Самонкин ярилаа. 
Сонирхуулахад, “Дэлхийн III дайн ч дэгдэж магадгүй байхад та яагаад заавал Тайвань орох гэж зүтгээд байна?” гэж Нэнси Пелосигоос асуухад “Би ямар нэг агуу юм хийхийг хүсч байна” гэж хариулжээ. Тэрбээр 8 сарын 3-нд Тайваний тэргүүн Цай Ин Вэньтэй хэлэлцээр хийх юм. 
Орчуулсан #МЦогзолмаа