Image description
Украины Херсон мужид үүссэн нөхцөл байдлын тухай сурвалжилсан Шведийн “SVT” телевизийг Оросын суртал нэвтрүүлэг цацлаа хэмээн буруутгасан тухай “Dagens Media” мэдээлэв. Шведийн “SVT” телевиз бол мэдээний 2 үндсэн хөтөлбөртэй, үүний нэг “Сурвалжлага” нэвтрүүлгээр Украин Оросын дайн удааширч байгаа тухай, украинчууд Оросын паспорт авч энэ улсын иргэн болсондоо аз жаргалтай байгаа талаар өгүүлсэн юм байна. Гэтэл Шведийн Радио, телевизийн хороонд хандан нийт 25 гомдол ирсэн аж. “Эфирээр Оросын паспорт авсан украинчуудын баяр хөөрийг харууллаа”, 
“Дайн болж байхад Оросын суртал ухуулга хийлээ”, “Орост үнэнч байхаа тангараглаж буй украинчуудын тухай өгүүлсэн буруу нэвтрүүлэг хийсэн байна”, “Ахимаг насны украин эмэгтэй Оросын паспорт авсандаа баярлаж уйлж байгааг харууллаа. Мөн Оросын хяналтад орсон нутаг гэж Херсоныг нэрлэсэн, уг нь Оросын эзлэн түрэмгийлсэн муж гэж хэлэх ёстой байсан”, “Херсоны тухай оросуудын үзэл нэвт шингэсэн нэвтрүүлэг цацаж байна” гэсэн утга агуулгатай гомдол иржээ. Мөн “Smålands Posten” сонины нийтлэлч Якоб Синдеваль “Хаанаас бичлэг, зургаа авсан тухай тайлбарлаагүй. Энэ сурвалжлагыг хийхийн тулд хэн эзлэгдсэн хот руу нэвтэрч чадав? Орос пуужингаа харвасан явдлыг яагаад Украин гүүр рүү буудсаны хариу гэж хэлэв?” гэх зэргээр шүүмжилсэн аж. Шведийн “SVT”-н удирдах албаны дарга Юдит, топ менежерүүд болон “Сурвалжлага” нэвтрүүлгийн дарга Шарлотта Фриборг нар тайлбар хийхээс өөр аргагүй байдалд оржээ. “Энэ бол Оросын суртал ухуулга биш, харин “Reuters” агентлагийн өгсөн мэдээ, тэдний сэтгүүлчид ямар ч саад тотгоргүй Херсонд нэвтэрч ажилласан юм. Оросын цэргийнхэн тэднийг огт хянаж цагдаагүй” гэж Шарлотта Фриборг мэдэгдлээ. 
Шведийн Радио, телевизийн хороо 8 сарын 29-нд хуралдаж арга хэмжээ авна гэж мэдэгдсэн тухай “Dagens Media” дамжууллаа.