Image description
Дубай бол Арабын Нэгдсэн Эмир улсын бүрэлдэхүүнд багтдаг 7 орны нэг гэдгийг та бүхэн мэдэх байх. АНЭУ-ын 7 Эмир буюу улсыг дурдвал: Абу-Даби, Ажман, Дубай, Рас-аль-Хайма, Умм-эль-Кайвайн, Фужейр, Шарж. АНЭУ-ын нийт хүн амын тоо 10.2 сая, гэхдээ үүний 70% нь Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирсэн ажилчид билээ. Харин Дубайн Эмирийг авч үзвэл хүн ам нь сүүлийн 70 жилд 165 дахин өсчээ. 1950 онд энд ердөө 20 мянган хүн амьдарч байсан бол 2020 онд 3,3 сая хүн амтай болжээ. Сонирхуулахад, 1960 оноос хойш Дубайн барилга байгууламжийн талбай 170 дахин нэмэгдсэн билээ. 
“Цар тахлын дараа Дубай хэвийн амьдралдаа буцан орж бизнесийн салбарт, хөдөлмөрийн зах зээл дээр шинэ шинэ боломжийг хүмүүст олгож байгаа тул 2040 он гэхэд Дубайд 5,8 сая хүн амьдрах болно” гэж судлаачид таамаглаж байна. Харин Дубайн эрх баригчид бүр өөдрөг таамаглал гаргажээ. “Манай Дубай Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Энэ бол Дубайн түүхэнд 7 дахь ерөнхий төлөвлөгөө. Түүний дагуу 2040 он гэхэд энэ Эмирт 7,8 сая хүн тав тухтай амьдрах боломжтой. Манай Эмир нийслэл Дубайгаа дэлхийн хамгийн шилдэг, сайхан хот болгоно. Эмирийн 60% нь нов ногоон болж, нийтэд зориулсан наран шарлагын газрын талбайг 40% нэмэгдүүлнэ. Зочид буудал, жуулчлалын объектуудад зориулсан газрын талбайг 134%-иар нэмэх гэж байгаа. Худалдаа, арилжааны байгууллагуудад нэмж 168 км2-ыг гаргана. Бид хэд хэдэн ногоон “гудам” байгуулна, эдгээр гудам бол орон сууцны хороолол, ажил бизнесийн болон үйлчилгээний бүсүүдийг холбох юм. Мөн явган зорчигч, дугуйчид, эко тээвэр ашигладаг хүмүүсийн хөдөлгөөнийг хялбарчлах олон арга хэмжээ авна. Боловсрол, эрүүл мэндийн объектуудад зориулах газрын хэмжээг 25% нэмэгдүүлнэ” гэж Дубайн эрх баригчид мэдэгдлээ.