Image description

Европыг нөмрөн авсан их халуун нэг хэсэгтээ буухгүй гэж цаг уурчид мэдэгдсэн тухай “Reuters” мэдээллээ. Европ тивийн Итали, Испани, Португал, Грект ган гачгийн улмаас гал түймэр олноор дэгдэж өргөн газар нутгийг хамарчээ. Түүнчлэн зарим оронд ган гачиг тохиож цэвэр усны хомсдол хэдийн үүсчээ. Нидерланд ихэнх нутагтаа усны онцгой дэглэм тогтоосон тухай зарлав. Энэ орны Дэд бүтэц, усны нөөцийн сайд Марк Харберс “Усны хэрэглээ одоо манай орны гол мөрнөөр урсч буй усны хэмжээнээс давлаа. Иймээс ард иргэддээ хандан авто машинаа угаах, эсвэл усан сангаа бүрэн дүүргэхийн өмнө сайтар бодож тунгаагаарай хэмээн уриалж байна” гэж мэдэгдэв. Нидерланд улс 7 сарын дундуур усны асуудал үүссэнтэй холбогдуулан аюулын 1-р түвшнийг зарласан билээ. Харин одоо Нидерланд аюулын 2-р түвшинд шилжлээ. 
Францын эрх баригчид бас ган гачгийн улмаас усны онцгой дэглэм тогтоож хэрэглээг маш нарийн хянаж эхлэв. Зүлэг ногоо, ногоон байгууламжийг услах, зам цэвэрлэх усыг эрс багасгасан, түүнчлэн ахуйн хэрэглээний усаа гамнаж хэмнэхийг ард иргэддээ хандан уриалж байна.