Image description
“Англи улсад инфляци сүүлийн 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч олон хүн гар утас, интернэтийн төлбөрөө хийхийн тулд өрхийн хоол хүнс, хувцас зэрэг анхан шатны хэрэглээгээ хүртэл хэмнэж байна. Энэ бол “Which?” хэрэглэгчдийн байгууллагын өгсөн мэдээ” гэж “The Guradian” сонин бичжээ. Английн бараг 6 сая өрх өнөөдөр суурин болон гар утас, интернэтийн төлбөрөө арай ядаж төлж байгаа аж. Амьдралын өртөг улам нэмэгдсээр байгаа тул ихэнх хүмүүс хэрэглээгээ бууруулж сар тутмын төлбөрөө төлж чадахаа больсон тул үйлчилгээний төрлөө өөрчлөх буюу бүр цуцалж байна. “Ofcom” агентлагийн мэдээгээр 4-р сард 3,5 сая өрх гар утас болон интернэтийн мөнгөө төлөх гэж хоол, хувцасны зардлаа бууруулсан. Харин 2-р сард энэ үзүүлэлт 2,2 сая өрх байсан юм. Ядуу буюу жилийн орлого 25999 еврогоос бага айл өрхүүд хямралд илүүтэй өртжээ. Дунд зэргийн орлоготой (жилийн 51999 евро хүртэл) гэр бүлд энэ үзүүлэлт 13% байгаа нь 2-р сартай харьцуулахад 7% нэмэгдсэн гэсэн үг.
 “Хүн амын хамгийн эмзэг бүлгүүд хүртэл НӨАТ 20% төлдөг. Хүн амдаа туслахын тулд Нэмүү өртгийн татвар 20% байгааг 5% болтол бууруулахыг Засгийн газарт санал болгож байна. Английн Засгийн газар өмнө нь байгалийн хий, цахилгааны татварыг яг ингэж бууруулсан билээ” хэмээн “Which?” байгууллага эрх баригчдад хандан уриалжээ. Английн томоохон харилцаа  холбооны компаниуд энэ жил төлбөрөө 10% нэмжээ. “BT” компани өнгөрсөн 7 хоногт мэдэгдэл хийхдээ “Өндөр хурдны интернэт, гар утасны ашиглалтын үнийг нэмснээр 2022 оны эхний улиралд манай борлуулалтын хэмжээ буцаад өссөн. Ирэх жил үнийг инфляциас дээгүүр нэмж, кабелийн интернэтийг улс даяар тавихад хөрөнгө оруулна” гэжээ. “Манай томоохон компаниуд болох “BT”, “Virgin Media O2”, “Vodafone”, “Three”, “Sky”, “TalkTalk” нь Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзахдаа төлбөр хийж чадахгүй байгаа хэрэглэгчдэд туслахаа мэдэгдсэн. Мөн торгууль авахгүйгээр тэднийг арай хямд тарифт шилжүүлэхээ амлалаа.... Тог цахилгааны мөнгө ирэх өвөл жилд 3600 евро хүрнэ гэж таамаглаж байна” хэмээн “The Guradian” сонины нийтлэлд дурджээ. 
“Английн эдийн засгийн уналт 2024 он хүртэл үргэлжилнэ, үүний дараа 0 өсөлттэй нилээд удах байх. Инфляцийн шок улам гүнзгийрч өвөл бүр 13-15%-д хүрнэ. Английн банк нөхцөл байдлыг аврахын тулд хүүгээ 1,75% болгожээ, гэхдээ энэ нь тус болох нь юу л бол. Сая сая англичууд халаалт дулаанаа авах уу, юм идэх үү гэсэн сонголтын өмнө ирнэ. 10 сарын 1-нээс халаалтын үнэ 50-80% өсөх хууль баталсан. Үүний зэрэгцээ Англи даяар орон сууцны төлбөр төлөхгүй гэсэн эсэргүүцэл өрнөж байгаа. Энэ бүхэн Английн орчин үеийн түүхэнд байгаагүй улстөрийн цочрол, хямралд хүргэж болзошгүй” хэмээн “ruzdozor” бичжээ. 
Орчуулсан #МЦогзолмаа