Image description
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор хэвлэлийн хурлын үеэр даян дэлхийн ард түмэнд хандан аливаа дайн дажин, худалдааны дайнаа зогсоохыг уриалсан тухай “Expancion Politica” мэдээллээ. “Сүүлийн үед манай дэлхий олон хямралтай нүүр тулгарлаа, Цар тахал,  Украины дайн, Тайванийг тойрсон хурцадмал байдал, эдийн засгийн өсөлт саарсан, даяаршсан инфляци... Энэ бүхний эсрэг зогсохын тулд эвлэрэл хэрэгтэй. Манай дэлхийн бүх улс орон, ястан үндэстнүүд хоорондоо ярилцаж тохиролцон Эв нэгдлийн гэрээ байгуулах ёстой, дайн мөргөлдөөнийг ямар ч улс орон дэмжиж тусалж болохгүй. Бид бүхэнд тохиолдсон хямралыг даван туулахын тулд, дайн дажин ба эдийн засгийн өдөөн хатгалгыг зогсоохын тулд бүгд эвлэрэх ёстой, ядаж 5 жилийн турш. Ингэж эв нэгдлийг эрхэмлэснээр хүн төрөлхтөн бүхий л хямралыг даван туулж чадна. Үүний эхлэл нь Украины газар нутаг дээр явагдаж буй Орос-Украины зэвсэгт зөрчлийг зогсоох явдал. Бид өдөөн хатгалга, зөрчлийг хүсэхгүй, бид даян дэлхийд ноёрхлыг хүсээгүй. Харин үйлдвэрлэлийг эрчимжүүлж ажлын байр бий болгон ядууст санаа тавьж хөгжлийн төлөө улс орнууд хамтран ажиллахыг эрмэлзэх ёстой. АНУ, Орос, Хятад энэ саналыг дэмжиж НҮБ-д өргөн барина гэж найдаж байна” хэмээн Мексикийн төрийн тэргүүн Андрес Обрадор мэдэгджээ.