Image description
“Орос ба Хятадын худалдааны эргэлт огцом өслөө. 2022 оны эхний 7 сарын байдлаар 29% нэмэгдэж 97,71 тэрбум долларт хүрсэн” гэж Хятад улсын Гаалийн төв газар мэдэгдлээ. Хятад улсаас Орост нийлүүлсэн бараа таваарын хэмжээ энэ оны 1-7 сард 5,2%-иар өсч 36,27 тэрбум доллар болсон аж. Харин Оросоос Хятад руу импортолсон бараа, үйлчилгээ 48,8%-иар нэмэгдэж 61,45 тэрбум долларт хүрчээ. Хятад, Оросын худалдаа зөвхөн 7-р сард 16,79 тэрбум доллар давжээ. Түүнчлэн Хятадын экспорт 6,77 тэрбум доллар, импорт 10,02 тэрбум доллар болжээ. 
2021 оны дүнгээс үзэхэд манай 2 хөршийн худалдааны хэмжээ 35,8%-ир өсч 146,88 тэрбум доллар хүрсэн. "Энэ жил дээрх хэмжээ улам өснө. Хятад, Оросын бараа таваар, үйлчилгээний хэмжээ 2022 онд 165-170 тэрбум долларт хүрэх төлөвтэй” гэж Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников мэдэгдлээ.  Хятадын Гаалийн төв газрын мэдээлснээр 2021 оны эхний 7 сард Хятадын гадаад худалдааны хэмжээ 10,4%-иар өсч 3,643 триллион доллар болсон аж. Хятадын экспорт 14,6%-иар өсч 2,063 триллион доллар, импорт 5,3%-иар нэмэгдэж 1,58 триллион доллар давсан.  Зөвхөн 7-р сарыг авч үзвэл Хятадын гадаад худалдааны хэмжээ 564,66 тэрбум доллар болжээ. Экспорт нь 332,96 тэрбум доллар, импорт 231,7 тэрбум доллар. 2021 оны эцсийн дүнгээр Хятадын гадаад барааны эргэлт 30,3%-иар өсч 6,05 триллион доллар болсон тухай хятадууд мэдээллээ.