Image description
Өмнөговь аймагт ажиллаж байгаа Соёлын сайд Ч.Номин аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж, шинээр ашиглалтад орсон барилга, театрын үйл ажиллагаатай танилцлаа.Театрын үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан мэргэжлийн уран бүтээлчид, нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх асуудлаар Соёлын яам мэргэжлийн сургуультай хамтран ажиллаж, хүний нөөцийг бэхжүүлэх бодлого баримталж буйгаа Соёлын сайд танилцууллаа.

Мөн шинэ театр ашиглалтад орж суудлын тоо, театрын үйлчилгээний стандарт дээшилж байгаа тул орчин үеийн театрын жүжигт нэвтэрч байгаа бүтээлч үйлдвэрлэл, тайз, дэлгэц, гэрэлтүүлэг, зай талбайг бүрэн дүүрэн ашиглах боломжтой талаар хэллээ. Жишээ нь, “Тамгагүй төр” жүжиг дэлхийн театрын чиг хандлагад нийцсэн орчин үеийн тайзны технологийг ашигласны зэрэгцээ нэг жүжгийг театрын урлагийн хэд хэдэн төрлөөр үзэх боломжийг олгосон. Энэ жүжгийг бүх орон нутгийн театрт тоглох боломж хомс хэдий ч хамгийн түрүүнд Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт тоглох боломжтой, түүнээс харилцан туршлага судлах өргөн боломж нээлттэй байгааг санууллаа.

Түүнчлэн Өмнөговь аймаг нь аялал жуулчлалтын бүс нутагт хамаарах учраас аялал жуулчлалын улиралд тааруулан, мөн улирлын хуваарьт тоглолтын хооронд говь нутгийн түүх, соёл уламжлал, ёс заншил, амьдралын хэв маягийг илтгэн харуулах байнгын тоглолттой болж, тогтмолжуулах хэрэгтэй гээд, энэ асуудлаар мөн Аймгийн удирдлагуудтай уулзаж нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Аймгийн Хөгжимт драмын театрын барилгыг орон нутгийн төсвийн 14.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 850 хүний суудалтай, 7 давхар барилгатай дүйх хэмжээний 4 давхар архитектурын шийдэлтэйгээр шинээр барьж, байгуулсан юм.